dc.description.abstract |
ББСБ-ийн эх үүсвэр нэмэгдүүлэх арга зам
Энэхүү судалгааг бичил санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааны онцлогийг онол, эрхзүйн хүрээнд судалж Монгол Улсын ББСБ-ын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага, арга замуудыг харьцуулан, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх гол зорилготойгоор гүйцэтгэсэн.
Сүүлийн жилүүдэд ББСБ-ын санхүүгийн зуучлалын зах зээлд гүйцэтгэх үүрэг улам бүр гүнзгийрч зөвхөн зээл олгох төдий бус санхүүгийн түрээс, факторинг, үнэт цаасны зах зээлд оролцогч, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшиж улмаар эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна.
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) банкнаас бусад санхүүгийн салбарт “чадавхжуулах” бодлого явуулж, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 412 тоот тушаалаар ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаарыг шинэчлэн тогтоож, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх ББСБ-д 800 сая төгрөг, 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 271 тоот тушаалаар 2.5 тэрбум байхаар дахин шинэчилж, 2017 оны 1 сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай шийдвэрүүдийг тус тус гаргасан. Ингэхдээ дүрмийн сангийн доод хэмжээ 2016-2017 онд 800 сая төгрөг байсан бол 2018 онд 1 тэрбум болж, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ (СЗХ, 2016).
Дээрх тогтоол батлагдсанаас хойш 2018 оны гуравдугаар сар хүртэл СЗХ-ны даргын тушаалаар 93 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Гэсэн хэдий ч цаана нь нийт 539 ББСБ-аас 128 нь буюу 23.8 хувь нь 0.9 тэрбумаас доош дүрмийн сантай үйл ажиллагаа явуулж байгаа нь хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгааг харуулна. ББСБ нь дүрмийн сангаа хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр бүрдүүлдэг байгууллага бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө өөрийн дотоод эх үүсвэрээс нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал ББСБ-уудад цаашид үйл ажиллагаагаа хэрхэн эрхлэн явуулах вэ? гэдэг асуудал тулгарсан.
Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ББСБ-ууд эх үүсвэрээ нэмэгдүүлэх хадгаламж татах, бонд, хувьцаа гаргах, зээл, өр төлбөр болон нэгдэх нийлэх зэрэг олон улсын аргачлалыг хэрэглэх боломжийг харьцуулан судалсан.
Судалгааны үр дүнгээс харахад, бонд гаргах нь хамгийн өндөр өгөөжтэй байж болох боловч тухайн байгууллагаас бэлтгэл ажил, нээлттэй ил тод, засаглал, менежментийн үйл ажиллагааг шаарддаг тул судалгаанд хамрагдсан ББСБ-ууд дотоод чадавхиа бэхжүүлэх шаардлагатай байна.
Харин ББСБ-ын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга замыг сонгохдоо макро орчны хүчин зүйлсийг харгалзаж төлөвлөлт хийх шаардлагатай бөгөөд туршилтаар сонгосон хүчин зүйлсээс ББСБ-ын ашигт ажиллагаанд инфляи шууд нөлөөлдөг болохыг тодорхойлсон. |
en_US |