Хураангуй:
Ипотекийн зээл нь улс орны эдийн засаг, нийгэм эдийн засгийн хөгжил, хот суурин газрын хөгжил цэцэглэлтэд томоохон үүрэг гүйцэтгэх болсон байна. Монгол улсын нийт хүн амын 45.1% нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг ба 56.7% нь ус дулаан, халаалтын системд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллоос үүдэлтэй агаар болон хөрсний бохирдол нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Эдгээр асуудлыг шийдэх ганц гарц бол иргэдийг орон сууцанд амьдруулах юм. 2013 оноос тус зээл хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны 06-р сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Зээлийн үлдэгдэл жил ирэх тусам өсөж байгаа хэдийн ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо багасахгүй нэмэгдсээр байгаа бөгөөд 2003 оноос өмнө нийслэлийн нийт айл өрхүүдийн 50 гаруй хувь нь төвлөрсөн хангамжинд холбогдсон орон сууцанд амьдарч байсан бол 2003 оноос эхлэн гэр хороололд амьдарч буй өрхийн тоо нэмэгдэж 2005 онд 58.6%, 2010 онд 60.1% , 2016 онд 56.7% нь гэр хороололд амьдарч байна. Энэ нь нэг талаар иргэдийн өрхийн орлогын түвшин муу, иргэд хуримтлал үүсгэх боломжгүй, нөгөө талаас орон сууцны үнэ хэт өндөр байгаа нь тус хөтөлбөрийн зээл зорилтот бүлэгт хүрэхгүй байх нөхцөл болж байна.