dc.description.abstract |
ТОВЧ ХУРААНГУЙ
Монгол улсын санхүүгийн систем нь банк давамгайлсан тогтолцоотой тул банкны
салбарын тогтвортой байдлыг хангах нь санхүүгийн системийн тогтвортой байдал,
цаашлаад эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Банкны үндсэн бизнесийн
загвар нь иргэд, байгууллагаас татан төвлөрүүлсэн хадгаламжийг бусдад зээлдүүлж хүүний
орлого олох явдал бөгөөд олгосон зээл эргэн төлөгдөхгүй байх буюу зээлийн эрсдэл үүсэх
нь банкны ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна банкны үйл ажиллагааг
доголдуулж, хадгаламж эзэмшигчийн хөрөнгөнд эрсдэл үүсэх боломжтой. Иймд банкны
зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, чанаргүй зээлийн өсөлтөд нөлөөлөгч хүчин
зүйлсийг шинжлэх нь санхүүгийн системийн тогтвортой байдалд чухал ач
холбогдолтойгоос гадна иргэдийн амьдралд мөн нөлөөтэй юм.
Зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар дотоодод хийгдсэн судалгааны
ажлуудыг судлан үзэхэд илүү макро түвшний хувьсагчдыг ашиглан үнэлгээ хийсэн байв.
Харин олон улсын түвшинд хийгдсэн ижил төстэй судалгааны ажлуудыг харахад макро
эдийн засийн хувьсагчдаас гадна банкны балансын үзүүлэлтүүдийг ашиглан шинжилгээ
хийсэн байв. Онолын түвшинд ч мөн банкны балансын үзүүлэлтүүд нь зээлийн чанарт
ихээхэн нөлөөлдөг болох нь тодорхойлогдсон. Иймд энэхүү ажлаар макро эдийн засгийн
хувьсагчдаас гадна банкны балансын үзүүлэлтүүд зээлийн чанарт хэрхэн нөлөө үзүүлж буйг
тодорхойлсноороо илүү онцлог болж байна.
Макро хүчин зүйлсээр зэсийн үнэ, ДНБ, инфляци, хүү зэрэг хувьсагчдыг сонгон авч,
шинжилгээг вектор авторегрессийн аргачлалаар, банкны балансын хүчин зүйлсээр нийт
активд эзлэх зээлийн хэмжээ, ТТГЧ-ын харьцаа, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөд эзлэх
хадгаламжийн хэмжээ, гадаад валютын эх үүсвэрийн нийт пассивт эзлэх хэмжээ,
санхүүгийн хөшүүрэг, нийт хадгаламжид эзлэх зээлийн хэмжээ зэрэг хувьсагчдыг сонгон
авч, олон хүчин зүйлийн шугаман регрессийн аргачлалаар шинжилгээ хийв.
Үнэлгээний үр дүнд зэсийн үнэ, ДНБ, инфляци, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөд эзлэх
хадгаламжийн хэмжээ, нийт хадгаламжид эзлэх зээлийн хэмжээ, ТТГЧ-ын харьцаа зэрэг
хувьсагчид чанаргүй зээлтэй сөрөг хамааралтай байсан бол хүү, нийт активд эзлэх зээлийн
хэмжээ, санхүүгийн хөшүүрэг, гадаад валютын эх үүсвэрийн нийт пассивт эзлэх хэмжээ
зэрэг хувьсагчид эерэг хамааралтай байсан.
Энэхүү судалгааны ажлын дүгнэлт, үр дүнд үндэслэн банкны салбарын нийт зээлд эзлэх
чанаргүй зээлийн хувь хэмжээний өсөлтөд нөлөөлөгч макро болон микро үзүүлэлтүүдийн
өөрчлөлтийн үед зохицуулагч байгууллагууд болон банкуудын зүгээс авах арга хэмжээний
талаар санал зөвлөмжийг боловсруулсан. |
en_US |