Хураангуй:
Сүүлийн тавин жилд олон улсад капиталын бүтцийн шинжилгээг эрчимтэй хийх болсон байна. Капиталын оновчтой бүтцийг олох асуудал нь корпорацын санхүүгийн шинжлэх ухаанд одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаагаас судлаачид капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлс, ашигт ажиллагаа капиталын бүтэц хоорондын холбоог судлах болжээ. Үүний хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгийн биржид бүртгэлтэй 44 компанийн, 2014-2017 оны, нийт 176 санхүүгийн тайлангийн өгөгдлийг ашиглан капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлс, капиталын бүтцийн ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөөг тус тус тодорхойлохыг зорилоо. Судалгаанд панел хамгийн бага квадратын арга, санамсаргүй болон тогтмол нөлөөллийн загварыг тус тус үнэлэв. Судалгаанаас харахад хөрвөх чадвар, ашигт ажиллагаа, эргэлтийн бус хөрөнгө, ашгийн хэлбэлзэл нь капиталын бүтэц дэх өрийн хэмжээнд сөргөөр, харин компанийн өсөлт нь капиталын бүтэц дэх өрийн хэмжээнд эерэгээр нөлөөлдөг байна. Түүнчлэн 2-р ангиллын компани нь 3-р ангиллын компанитай харьцуулахад капиталаа илүү өрөөр санхүүжүүлэх хандлагатай ажээ.