Хураангуй:
Хөдөлмөрийн зах зээлийн чухал асуудлуудын нэг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Хөгжингүй улс орнууд эртнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох болсон бөгөөд бодлогын хэрэглээ болгон ашиглаж иржээ. Уг хэмжээг тогтоох нь чадвар муу, орлого багатай ажилчдын амьжиргааны түвшинг хангах, ядуурлыг болон тэгш бус байдлыг бууруулах гэх мэт зорилготой байдаг. Эдийн засагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь ажил эрхлэлт болон өрхийн орлогод хэрхэн нөлөөлж буй талаар олон жилийн турш судалсаар байгаа юм. Гэвч эдийн засагчдын дүгнэлт харилцан адилгүй байгаад гол учир нь оршиж байна. Зарим эдийн засагчид ХХДХ нь ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг бол нөгөө хэсэг нь сөрөг нөлөөгүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ нь тухайн эдийн засагчийн ашиглаж буй арга зүй, өгөгдөл болон улс орны ялгаатай шинж чанартай холбоотой байж болох юм. Монгол улсын хувьд ХХДХ-ний нөлөөг тодорхойлсон судалгаа тун ховор байгаа юм. Тиймээс энэхүү судалгааны ажлаар Монгол улсын ХХДХ нь ажил эрхлэлт болон өрхийн орлогод хэрхэн нөлөөлдгийг судлахыг зорилоо.
ХХДХ-ний ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөг тодорхойлохдоо статистик мэдээллийн нэгдсэн сангийн 2001-ээс 2017 оны өгөгдлийг ашиглан шинжилгээг хийлээ. Харин ХХДХ-ний өрхийн орлогод үзүүлэх нөлөөг үндэсний статистикийн хорооноос явуулдаг өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны өгөгдлийг ашиглан тодорхойлов.