Хураангуй:
Өнөөгийн нөхцөлд нийслэл хотын орон сууцны зах зээлийн царцанги байдал үүсээд байгаа билээ. Иймд Улаанбаатар хотын орон сууцны үнэд эрэлтийн талаас хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийг эконометрик аргачлалаар үнэлж, орон сууцны зах зээлийг эрэлтийн талаас хэрхэн дэмжиж болох санал зөвлөмж боловсруулах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго юм. Тус судалгааны нэгдүгээр бүлэгт орон сууцны үнэ бүрдэлт болон түүнд нөлөөлөх эрэлтийн хүчин зүйлсийг онол болон судалгааны хувьд эмхтгэн гаргаж ирсэн бол хоёрдугаар бүлэгт нөлөөллийн хэмжээг тооцоход өргөн ашиглагддаг Вектор Авторегрессив загварыг авч үзсэн юм. Гуравдугаар бүлгээр үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийн онолын загварын дагуу 2003-2017 оны хоорондох улирлын давтамжтай тоон өгөгдөл ашиглан ВАР аргачлалаар эмпирик шинжилгээг хийв. Судалгааны үр дүнд ипотекийн зээлийн хүүгийн өсөлт нь орон сууцны үнийг бууруулах хандлагатай бол эсрэгээрээ цалин, өрхийн тоо, өрхийн орлого зарлага нэмэгдэхэд орон сууцны үнийг өсгөх хандлагатай байна. Эдгээрээс үнийн өөрчлөлтийг ипотекийн зээлийн нөлөө илүү тогтвортой, харьцангуй өндөр хувийг тайлбарлаж байгаа юм. Мөн орон сууцны үнэ нь өмнөх үеэсээ хүчтэй хамаарч байгаа учир орон сууцны үнийн өсөлтийн шокноос болж шинэ орон сууцны үнэ буурахгүй байх магадлалтай байна. Иймд төр засгийн алсыг харсан урт хугацааны төлөвлөгөөтэй, эрсдэлийг жигд оновчтой хуваарилсан санхүүгийн тогтолцоотой бодлого шаардлагатай байна. Мөн эрэлтийн хүчин зүйлийн судалгааг ашиглаж, урт хугацааны таамаглал дээр тулгуурласан төлөвлөгөө гаргаснаар арилжааны банкууд нь эрсдэлийн удирдлага болон эрсдэл даах чадвараа сайжруулж, уян хатан зөв менежмент явуулж, орон сууцны зах зээлээс олон харилцагчдыг татах боломжтой байгаа юм. Өрхийн хувьд зардлаа танах замаар хуримтлал үүсгэвэл орон сууц худалдан авах боломжтой гэж үзлээ