Хураангуй:
Социалист системийн үед Монгол улсын оёдлын салбар бүх талаар хөгжиж, дотоодын үйлдвэрлэлээр улсын оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байсан. Харин улс орон бүхэлдээ зах зээлийн харилцаанд шилжиснээр оёдлын салбарын нэгдсэн бодлого алдагдаж, хувьчлал нэрийн дор үйл ажиллагаа нь жигдэрсэн оёдлын том үйлдвэрүүдийг жижиглэн хувааснаар өрсөлдөх чадвар муутай олон жижиг нэгж болж, өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ унаж, зогсонги байдалд орсон билээ. Харин өнөө үед Монгол улсад уул уурхай, олборлох салбар эрчимтэй хөгжиж 2010 оноос 2014 онуудад эдийн засгийн хурдацтай хөгжлийн түвшинд хүргэжээ. Хүнд үйлдвэрлэлийн ажиллах орчин нь ажилчиддаа аюулгүй байдлын ажиллагааг сайтар ухамсарлуулах, тэднийг хамгаалах хэрэгслээр хангах нь маш чухал байдаг бөгөөд Манай орны хувьд уул уурхайн салбарын хамт хөнгөн үйлдвэрлэл болох оёдлын салбар зэрэгцээ хөгжих боломжтой байна.