Хураангуй:
Монгол Улс бол гадаад орчноос шууд хамааралтай, хоёр их гүрний дунд, далайгаас алслагдсан байрлалтай, газар зүй, байгаль, цаг уурын тааламжтай бус нөхцөлд, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн бага эдийн засагтай улс тул гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй.
Манай улсын эдийн засгийн харьцангуй давуу тал нь байгалийн баялгийн нөөц бөгөөд манай орны хөгжлийн гарц бол энэхүү давуу тал, онцлогтоо тулгуурлах явдал мөн. Монгол Улсад 1990-2016 оны хооронд 16 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 72,5 хувь нь уул уурхайн салбарт ногдсон байдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын урсгал оргил үеийхтэй харьцуулахад 4 дахин бага байх болсон нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна дотоодын хууль эрх зүйн орчинтой холбоотой байна. Иймд, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын томоохон хүчин зүйл болох татварын хууль тогтоомжтой холбоотойгоор хөрөнгө оруулалтыг дэмжих тухай асуудлыг авч үзэх шаардлага урган гарч байна.