dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй боловсруулах аж үйлдвэрүүдийн хувьцаат компаниуд болох АПУ ХК, Говь ХК, Сүү ХК, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК, болон Дархан ХК дээр капиталын бүтэц компанийн үнэлгээнд нөлөөтэй эсэхийг хэрэв хамааралтай бол ямар хамааралтайг судлан үзэж санал зөвлөмж боловсруулсан болно. Мөн компанийн өр төлбөрийн зардал болон өөрийн хөрөнгийн өгөөжөөс хамааран компани капиталын оновчтой бүтэц бүрдүүлснээр компанийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөх боломжтой талаар судлан үзлээ.
Энэхүү төрлийн судалгаа Монгол улсад хомс хийгдэж байсан бөгөөд компаниуд капиталын бүтцийг өөрчилснөөр хувьцаа эзэмшигч нарын баялгийг мөнгөн бодит дүнгээр нэмэгдүүлэх боломжтой нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
Ингэхдээ капиталын оновчтой бүтцийн талаарх онол арга зүй, өөр орнуудад судлагдсан байдал зэргийг харгалзан үзэж шинжилгээний арга зүйг боловсруулсан. Капиталын оновчтой бүтцийн талаарх доорх онолуудыг суурь болгон судалж үзсэн:
• Модиглиани–Миллэрын онол (1958)
• Модиглиани–Миллэрын онолын хөгжүүлэлт
• Трейд–офф онол (Trade–off theory, 1973)
• Сонгох дарааллын онол (Pecking order theory, 1984)
• Агентийн зардлын онол (Agency cost theory, 1976)
Мөн Малайз болон Кени улсад хийгдсэн судалгааны ажилтай төстэйгөөр компанийн үнэлгээг капиталын бүтэц болон өөр хамааралтай хүчин зүйлүүдтэй хамт шинжилж үзсэн болно. Ингэхдээ компанийн үнэлгээг Market to Book value буюу зах зээлийн үнэлгээ болон дансны үнийн харьцаагаар төлөөлүүлэн санхүүгийн хөшүүрэг буюу капиталын бүтцийг өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаагаар (D/E) авч үзсэн.
Зах зээлийн үнэлгээнд нөлөөлөгч бусад хүчин зүйлсээр ашигт ажиллагаа, биет хөрөнгийн хэмжээ, компанийн хэмжээ, өсөлт, эргэлтийн харьцаагаар авч 2010 оноос 2017 оны панел өгөгдөл дээр шугаман регресс хийж үнэлсэн. Ингэхэд сонгон авсан компаниудын хувьд санхүүгийн хөшүүрэг болон компанийн үнэлгээ эерэг хамааралтай гарсан бөгөөд энэ нь тус компаниуд олон улсын байгууллага болон засгийн газрын хөтөлбөрийн бага хүүтэй зээл авч чаддагтай холбоотой гэж дүгнэсэн.
Энэхүү шинжилгээг цааш нь сонгон авсан компани тус бүр дээр санхүүгийн хөшүүрэг болон компанийн үнэлгээний хувьд корреляцийн шинжилгээ хийж өр төлбөрийн бодит хүү (татварын дараах) болон өөрийн хөрөнгийн өгөөжийг хооронд харьцуулан аль санхүүжилтийн хэлбэр зардал багатай байгааг харьцуулж үзсэн.
Эцсийн байдлаар дүгнэхэд, Говь ХК, Сүү ХК болон АПУ ХК зэрэг том компаниудын хувьд л олон улсын байгууллагуудаас бага хүүтэй зээл авах боломжтой. Харин бусад жижиг компаниудын хувьд санхүүжилтийн сонголтууд нь зөвхөн дотоодын банкны өндөр хүүтэй зээл эсвэл засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хооронд хязгаарлагдаж байна. Манай улсын дотоодын банкны хүү өндөр тул эдгээр жижиг компаниуд засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах нөхцөлд л өр төлбөрөө нэмэгдүүлж компанийн үнэлгээгээ өсгөх боломжтой гэдэг санал зөвлөмжийг гаргалаа. |
en_US |