Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд арилжааны банкуудын кредит картын зээлийн эрсдлийн удирдлагын тулгамдаж буй асуудлыг судалж, цаашид хэрхэн сайжруулах талаарх судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны ажлын гол зорилго нь дэлхий нийтэд өндөр хөгжсөн кредит картын зах зээлийг монголын зах зээлд өргөжүүлэн хөгжүүлэхэд учирч болох эрсдлүүдийг урьдчилан тодорхойлж, уг эрсдлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх санал зөвлөмж боловсруулахад оршино.
Кредит картын зах зээлийг хөгжүүлэх талаас хийгдсэн судалгааны ажлууд дотоодод хэд хэд байгаа хэдий ч кредит картын зах зээлийг хөгжүүлэхэд учирч болох эрсдлүүдийг тодорхойлсон ажил хийгдээгүй байгаа нь энэ төрлийн зах зээл манай улсад хөгжиж эхэлж буйтай холбоотой байна. Харин олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан кредит картын эрсдэл тооцох гарын авлага, эрсдлийг олон төрлийн арга загвараар тооцсон ажлууд нилээдгүй байсан тул олон улсад ашиглагддаг арга хэрэгслүүдээс регрессийн шинжилгээний аргыг сонгон авч судалгаагаа хийсэн.
Судалгааны ажлын хүрээнд арилжааны банкуудын гаргасан кредит картын багцад, тэр дундаа Монголын томоохон нэг арилжааны банкны эрсдэлтэй ангилалд багтсан кредит карт эзэмшигчдийн үзүүлэлтийг E-views програм дээр олон хувьсагчтай шугаман, пробит, ложит загварын регрессийн шинжилгээ хийж, харилцагчийн ямар үзүүлэлт картын төлбөрөө эргүүлэн төлөхөд нөлөөлж байгааг тоон шинжилгээний аргаар тооцож гаргаж ирнэ.
Дээрх судалгааны үр дүнгээс харахад кредит картын онцлогоос шалтгаалан, мөн олон улсын туршлагаас харахад зээлийн шийдвэр гаргалтад кредит скоринг ашиглах нь зүйтэй гэсэн үр дүн гарч байна.
Мөн банкны салбарын цаашдын хөгжилд энэ төрлийн бүтээгдэхүүн голлох байр суурь эзлэх магадлалтай тул энэ төрлийн бүтээгдэхүүний эрсдлийг удирдах нарийн тогтолцоо, арга механизмыг нэвтрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй юм .