dc.description.abstract |
Хэрэглэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хандлагад нийгэм эдийн засгийн байдал, соёл, уламжлал, итгэл үнэмшил, хувь хүний сэтгэлзүйн онцлог, цаашлаад тухайн бараанд зарцуулах боломжтой төсөв, барааны гарал үүсэл, үнэ, сав баглаа боодол, өнгө үзэмж, хэмжээ, тоо ширхэг, орц найрлага, брэндийн болон худалдааны байгууллагын нэр хүнд зэрэг бүхий л хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Ямар бараа, бүтээгдэхүүн бэ гэдгээс шалтгаалан худалдан авах хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарал өөр өөр байдаг.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд Монгол улсын төдийгүй дэлхий нийтэд БИХНБ-ний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тэгвэл энэ төрлийн бүтээгдэхүүний хувьд манай улсын хэрэглэгчдийн худалдан авах хандлагад ямар хүчин зүйлс илүү нөлөөлж байгааг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн.
Судалгааны ойлголт, хувьсагчдыг сонгохдоо худалдан авах хандлагад нөлөөлөх гарал үүслийн хүчин зүйлс (гарал үүслийн улсын имиж, гарал үүслийн гэрчилгээ, дотоодод үйлдвэрлэсэн байх), брэндийн холбоосууд (итгэх итгэл, таних байдал, санхүүгийн байдал, үнэ цэнэ, эрсдэл), маркетингийн элементүүд (бүтээгдэхүүн, чанар, үнэ, сурталчилгаа, сувгийн дүр төрх) гэсэн үндсэн 3 бүлэг нийт 41 үзүүлэлтийг сонгож, 380 хэрэглэгчээс энгийн санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл цуглуулж үр дүнд хүчин зүйлийн фактор шинжилгээ, хоёр болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийлээ.
Цаашдын судалгаанд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, нэр төрөл, брендээр нарийвчлан судлах, хэрэглэгчийн зах зээлийг сегментээр ангилан ялгаатай байдлыг тодорхойлох нь илүү үр дүнг харуулж болох юм. Тухайлбал бүтээгдэхүүний гарал үүслийн нөлөөг тодорхойлохдоо эхлээд тухайн улсын талаарх сэтгэгдэл, туршлага, үнэлгээг тодорхойлох, дараа нь тухайн улсын нийт бүтээгдэхүүний талаарх хандлага, үүний дараа тодорхой брэндийг харьцуулан үнэлэх замаар судалгаа хийж болохыг санал болгож байна. |
en_US |