Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа Монгол хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдан авалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг соёлын талаас нь судлан тодорхойлохыг зорьсон. Манай улсын хувьд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаалагдаад нилээдгүй хугацаа өнгөрсөн боловч тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хангалттай хийгдээгүй байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй манай орны хувьд хэрэглэгчийн зан төлөв, соёлын ялгаа өндөртэй учраас Монгол хэрэглэгчийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авалтад нөлөөлөх судалгааг соёлын талаас нь судлах зайлшгүй шаардлагатай байна.
Судалгааны үр дүнгээр тансаг бараа эзэмших нь нийгмийн статус, амжилтыг илтгэдэг, өөрөө өөрийгөө урамшуулах хэлбэр, өөртөө итгэх итгэл, брэндийн нэр хүнд гэсэн хувьсагчууд нь өндөр үзүүлэлттэй гарсан нь бидний уламжлан ирсэн соёлтой зайлшгүй холбоотой байгаа нь харагдаж байна. Энэ нь тэд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнтэй холбогдох олон төрлийн үнэ цэнийг ойлгож, хэрэгжүүлж байгааг харуулж байна. Тиймээс тансаг зэрэглэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд маркетингийн стратеги боловсруулахдаа хэрэглэгчдэд нэр хүнд бүхий бүтээгдэхүүн, түүний үнэ цэнийг онцлон, тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн худалдан авах зан төлвийг соёлын талаас нь судлан, хэрэглэгчдийн хөгжиж буй хүлээлтэд тохируулан ажиллах нь зүйтэй юм. Брэндийн нэр хүндэд ач холбогдол өгдөг амьдралын хэв маяг болон брэндийн хүлээн зөвшөөрөгдсөн нийгэм, сэтгэл хөдлөлийн үнэ цэнэ, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал нь уг хэрэглэгчдийн ирээдүйд тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүн худалдан авалтанд нөлөөлж байгааг харж болж байна.