dc.description.abstract |
Монгол улсын санхүүгийн системд тохиолдсон 1996-1997, 1999, 2008-2009 оны гурван удаагийн хямралд 30 банкнаас 16 нь дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Арилжааны банк нь төлбөр тооцоо гүйцэтгэх, санхүүгийн зуучлал үзүүлэх, зах зээл дээр хөрвөх чадварыг хангах, эрсдэлийг удирдах гэх мэт эдийн засгаа дэмжих чухал үүргийг гүйцэтгэдэг учир банкны хямралыг нарийвчлан авч судаллаа.
Монгол улсын хувьд эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа өнөө үед эдийн засгийн эмзэг байдал, мөчлөг, нэгдсэн түрүүлэгч индикатор, дохиологч үзүүлэлтүүдийг тодорхойлж үнэлгээг тогтмол хийж байх шаардлага тулгарч байна. Тийм учраас энэхүү судалгааны ажилдаа Монголын санхүүгийн мөчлөгийг тодорхойлж түрүүлэгч, дохиологч индикаторуудыг тодорхойлохыг зорилго болголоо.
Энэхүү судалгааны ажил нь үндсэн 4 бүлэгтэй. Онолын тойм бүлэгт санхүүгийн хямралын төрөл, үе шат, банкны системийн хямралтай үеийг тогтоох онолын судалгаа болон бизнесийн мөчлөг болон санхүүгийн мөчлөгийн харилцан хамаарал, санхүүгийн мөчлөгийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан ба дараагийн бүлэгт Монгол улсын арилжааны банкнуудын өнөөгийн байдлын судалгаа хийсэн ба үүнд түүхэн хөгжил, эрхзүйн зохицуулалтууд, Монгол улсын банкны салбарын хямралын шинжилгээ, гуравдугаар бүлэгт банкны хямралыг түрүүлэгч индикаторыг санхүүгийн мөчлөгтэй харьцуулан судлах зорилгоор санхүүгийн мөчлөгийг тодорхойлж, хугацааны нийлбэр цуваан өгөгдөл дээр ажилласан учир мөчлөгийг ялгах, индикаторуудыг хувиргах арга аргачлал мөн нэгдсэн түрүүлэгч индикатор тооцох аргазүйг авч үзсэн. Сүүлийн бүлэгт нэр дэвшигч индикатор тус бүрийг мөчлөгтэй харьцуулан эргэлтийн цэгүүдийг түрүүлж, зэрэгцэж, хоцорч буй хугацаагаар нь ялган банкны хямралыг урьдчилан таамаглах индикаторуудыг тодорхойлж НТИ-ыг боловсрууллаа. Эцэст нь, судалгааны үр дүнд тулгуурлан дүгнэлт, санал зөвлөмж боловсрууллаа.
Санхүүгийн хямрал нь тогтворгүй байдлыг үүсгэдэг ба энэ нь бизнесийн мөчлөгтэй давхар явдаг тул бизнесийн мөчлөгтэй уялдуулан тайлбарладаг байсан бол 2007-2009 оны хямралын дараа бизнесийн мөчлөгөөр хангалттай тайлбарлагдахгүй байсан учир санхүүгийн мөчлөгийг тодорхойлж уялдуулан тайлбарлах болсон. Манай улсын хувьд энэ төрлийн судалгаанууд дундаас Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлсон нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал боллоо. Монгол улсын санхүүгийн мөчлөгийг нийт зээлээр илэрхийлсэн ба зээлийн индикатор нь бизнесийн мөчлөгийн 3-4 улирлаар түрүүлж чадаж байна. Мөн судалгааны үр дүнд санхүүгийн мөчлөгийг түрүүлэгч индикаторууд нь санхүүгийн сектор болон бодит секторын индикаторууд байсан ба НТИ нь мөчлөгийн оргилыг 2 улирлын өмнө, ёроолыг 3 улирлын өмнө таамаглаж байна. |
en_US |