Хураангуй:
Улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг тайлбарлах хүчин зүйлсийн нэг нь соёл байж болох юм. Соёлын эдийн засагт үзүүлэх нөлөөг судлахын тулд энэхүү ойлголтыг гүнзгийрүүлэн тодруулах шаардлагатай. Иймд тус судалгааны ажлын эхэн хэсэгт соёлыг эдийн засагт хэрхэн ойлгож, тодорхойлох боломжтой болон хэрхэн хэмждэг талаар судлав. Дараагаар нь соёлын хамгийн түгээмэл судлагдсан хүчин зүйлүүдийг авч үзэн, үүнээс индивидуализм болон итгэлцэл гэх хоёр хүчин зүйлийг онцолж, эдийн засагт ямар суваг, механизмаар нөлөөлж болохыг судаллаа. Судалгааны сүүлийн хэсэгт дээрх хоёр хүчин зүйлийн ач холбогдолтой эсэхийг макро болон микро шинжилгээ хийж шалгав. Макро шинжилгээний үр дүнд улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг тайлбарлахад индивидуализмын нөлөө чухал гэсэн дүгнэлтэд хүрлээ. Микро шинжилгээний үр дүнд итгэлцэл нь Монгол улсын түүвэр судалгаан дээр ач холбогдолгүй гарсан буюу хувь хүний үйл хөдлөлд итгэлцэл нь төдийлөн нөлөөлдөггүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.