| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, хөгжлийн бодлогын
баримт бичгүүдийн уялдаа холбоог онол болон, практик түвшинд шинжилнэ.
Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд
шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш
аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг
зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлоход оршдог бол Хөгжлийн
бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн
тогтвортой, залгамж чанарыг хангах, бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх,
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэдэг.
Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн баримт бичиг болох “Алсын
хараа-2050” нь Монгол Улсыг 2050 он гэхэд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт,
иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орны нэг болгох зорилтыг дэвшүүлж,
дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг түүнд
нийцүүлэхийг шаарддаг. Ийм нөхцөлд хөгжлийн бодлогоор төрөөс тодорхой салбар,
төсөл, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлага болон өрсөлдөөний эрх зүйгээр зах зээл
дэх тэгш боломж, шударга өрсөлдөөнийг хамгаалах шаардлага хоорондоо хэрхэн уялдах
ёстой вэ гэдэг асуудал судалгааны гол цөм болж байна. Судалгаагаар өрсөлдөөний эрх
зүй ба хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүй нь хоорондоо эсрэгцэх бус, харин
салбарын онцлог, зах зээлийн бүтэц, төрийн оролцооны үндэслэлтэй уялдан хэрэгжих
ёстой гэсэн санааг шинжилнэ. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг
боловсруулах, хэрэгжүүлэх явцад өрсөлдөөний нөлөөллийн үнэлгээ, зах зээлийн тэгш
нөхцөлийн шалгуур, төрийн оролцооны оновчтой хязгаарыг тодорхойлох шаардлагыг
эрх зүйн үүднээс дүгнэнэ. |
en_US |