Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад хэрэгжүүлсэн хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг өсгөх бодлогын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг тодорхойлох
зорилгоор үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгааны 2010-2024 оны
өгөгдлийг ашиглан эдийн засгийн салбарууд болон ур чадварын ялгаатай байдлыг
пробит болон ложит загвараар шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Хөдөлмөрийн зах зээлийн сонгодог онолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээ нь тэнцвэрт цалингаас давсан тохиолдолд ажиллах хүчний илүүдэл үүсч,
хөдөлмөр эрхлэлт буурдаг хэмээх онолын таамаглалыг судалгааны ажлаараа
дэвшүүлсэн. Эмпирик шинжилгээний үр дүнд бодит хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
нэмэгдэх нь Монгол улсын нийт хөдөлмөр эрхлэх магадлалд сөрөг нөлөө үзүүлдэг
болохыг тогтоосон бөгөөд ложит загвараар хийсэн харьцуулсан үнэлгээ нь үндсэн үр
дүнгийн найдвартай байдлыг хангасан.
Түүнчлэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нөлөө нь эдийн засгийн
салбараас хамаарч ялгаатай байдаг аж. Тухайлбал, жижиг, дунд бизнес давамгайлсан
бөөний болон жижиглэн худалдааны салбарт нөлөө хамгийн хүчтэй сөрөг илэрсэн бол
хөдөө аж ахуйн салбарт нөлөө хамгийн сул байгаа нь зах зээлийн цалингийн механизм
салбар бүрт ялгавартай үйлчилдгийг харуулж байна. Хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний нөлөө нь ажилтны ур чадварын түвшнээс хамаарч өөрчлөгддөг бөгөөд ур
чадвар багатай, боловсролын түвшин доогуур ажилчдын ажил эрхлэх магадлал нь ур
чадвартай бүлгээс илүү хүчтэй сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон. Энэ нь ажил олгогчид
цалингийн зардлын нэмэгдсэнтэй холбоотойгоор бүтээмж багатай ажилчдыг
хөдөлмөрийн зах зээлээс шахан гаргадаг болохыг харуулж байна. Насны бүлгээр
харьцуулсан дэд үнэлгээгээр идэвхтэй ажиллах насны иргэдэд нөлөө хамгийн хүчтэй,
харин тэтгэвэрт гарах ойртсон ахмад настны хөдөлмөрийн нийлүүлэлтийн шийдвэрт
мэдэгдэхүйц нөлөөгүй болох нь тогтоогдсон.