| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад ногоон даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж, хэрэгцээ болон бодлого, зохицуулалтын орчныг үнэлэхэд чиглэсэн болно. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд даатгалын салбар нь зөвхөн хохирол нөхөн төлөхөөс гадна эрсдэлийг бууруулах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хэрэглээг дэмжих санхүүгийн чухал хэрэгсэл болох боломжтойг судлав.
Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, олон улсын туршлагын харьцуулалт, PESTEL шинжилгээ болон холбогдох талуудтай хийсэн бүтэцлэгдсэн ярилцлагын аргыг ашиглав. Үүний хүрээнд Монгол Улсын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, ногоон даатгалын хөгжлийн түвшин, эрх зүйн орчин, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг үнэлсэн.
Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсад ногоон даатгал хөгжүүлэх бодлого, эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн боловч бүтээгдэхүүний нэгдсэн ангилал, шалгуур, тайлагналын тогтолцоо, өгөгдлийн сан болон хэрэглэгчийн мэдлэг хангалтгүй байна. Харин цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашин, эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх бодит боломж байгааг тогтоов.
Иймээс ногоон даатгалыг үе шаттай хөгжүүлэх, бүтээгдэхүүний ангилал, шалгуур, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, туршилтын бүтээгдэхүүн нэвтрүүлэх, даатгалын компаниудын инноваци болон хэрэглэгчийн ногоон зан төлөвийг бодлогоор дэмжих шаардлагатай гэж дүгнэв.
Судалгааны үр дүн нь Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компаниуд болон бодлого боловсруулагчдад ногоон даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, зохицуулалтын орчныг сайжруулах, хэрэгжилтийн үе шаттай бодлогын арга хэмжээг боловсруулахад практик ач холбогдолтой. |
en_US |