Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын өрхийн амьдралын даатгал
худалдан авах шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийн
нөлөөллийн түвшинг эмпирик аргаар үнэлэхэд оршино. Судалгааны хүрээнд амьдралын даатгалын эрэлтийг тайлбарлах онолын үндэслэл болох санхүүгийн төлөвлөлтийн онол, амьдралын мөчлөгийн онол, эрсдэлээс зайлсхийх онол, мөн хэрэглэгчийн зан төлөвийн онолуудыг судалсан. Түүнчлэн итгэлцлийн онол болон мэдээллийн асимметрийн онолыг судалгаанд нэмж тусгаснаар даатгал худалдан авах шийдвэрийг илүү цогцоор тайлбарлах боломжийг бүрдүүлсэн.
Эмпирик судалгааны хүрээнд асуулгын аргаар анхдагч өгөгдөл цуглуулж, Монгол
Улсын өрхийн санхүүгийн шийдвэр гаргалтад оролцдог иргэдийг хамруулсан.
Судалгааны өгөгдлийг SPSS программ ашиглан боловсруулж, найдвартай байдлын
шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, кросстаб, ANOVA болон корреляцийн
шинжилгээг хийсэн. Мөн хүчин зүйлсийн нөлөөллийн түвшинг тодорхойлох зорилгоор регрессийн шинжилгээ хийж, судалгааны таамаглалуудыг шалгасан.
Судалгааны үр дүнгээс харахад эрсдэлийн ойлголт, итгэлцэл, санхүүгийн мэдлэг нь
амьдралын даатгал худалдан авах шийдвэрт статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Үүнээс итгэлцэл нь харьцангуй өндөр нөлөөтэй хүчин зүйлсийн нэг болох нь илэрсэн. Харин орлогын түвшин болон нийгмийн нөлөөлөл нь сул нөлөө үзүүлж байгаа боловч тодорхой хэмжээнд хамааралтай байна. Мөн цахим сүлжээний хэрэглээ нь даатгал худалдан авах хандлагад эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон.
Энэхүү судалгааны үр дүн нь Монголын даатгалын зах зээлийн хөгжилд онолын
болон практик ач холбогдолтой бөгөөд даатгалын компаниудын маркетингийн стратеги, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, мөн өрхийн санхүүгийн хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад ашиглагдах боломжтой юм.