Хураангуй:
Монгол Улсын санхүүгийн системд банкны салбар давамгай байр суурь эзэлж байгаа
бөгөөд банкны ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад зээлийн
эрсдэлийн удирдлага чухал ач холбогдолтой юм.
Энэхүү судалгаагаар Монголын топ-5 арилжааны банкны 2015–2025 оны өгөгдөлд
тулгуурлан зээлийн эрсдэл банкны ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг CAMELS шинжилгээ болон панел өгөгдлийн регрессийн аргаар судалсан.
Судалгааны үр дүнд зээлийн эрсдэлийг илэрхийлэх зээлийн алдагдлын нөөц нь
банкны нийт хөрөнгийн өгөөжид сөрөг нөлөө үзүүлдэг бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ, банкны хэмжээ болон зээлийн харьцаа нь ашигт ажиллагаанд эерэг нөлөөтэй болохыг тогтоов. Иймээс чанаргүй зээлийн түвшинг бууруулах, зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болохыг судалгааны үр дүн харуулж байна.