| dc.description.abstract |
Нийгмийн өдөр тутмын амьдралд тогтсон хэв маягийн дагуу байнгын шинжтэйгээс
гадна талуудын амлалт, итгэлцэлд тулгуурладаг харилцааны нэг хэлбэр нь иргэд
хоорондын зээлийн харилцаа байдаг. Иргэд хоорондын зээлийн харилцаа нь гэрээний
чөлөөт байдал буюу гэрээний эрх чөлөөний болон үүргээ үнэнч шударгаар биелүүлэх,
харилцан итгэлцлийг хүндэтгэх зарчмуудад суурилан ихэвчлэн танилын хүрээнд үүсдэг
онцлогтой байдаг. Гэвч Монгол улсын шүүн таслах ажиллагааны сүүлийн 5 жилийн
тайлангаас үзэхэд иргэд хоорондын зээлийн маргаан 12.5 дахин өссөн, 2025 оны
байдлаар нийт иргэний хэрэгт 10.2 хувийг дангаар эзэлж байна. Энэхүү маргааны өсөлт
нь иргэдийн дунд үнэнч шударга байх зарчим (good faith) алдагдаж байгаатай холбоотой
бөгөөд маргааны шалтгааныг зан төлөвийн хандлага, нөлөөлөлтэй уялдуулан, эмпирик
судалгааны аргаар судлахыг зорьсон болно. Судалгаагаар нийт шүүхээр эцэслэн
шийдвэрлэгдсэн 138 кейст хийсэн эмпирик шинжилгээний үр дүнгээр маргаан үүссэн
шалтгааны 18.1 хувь нь зээлдэгчийн санхүүгийн чадваргүй байдалтай холбоотой, үлдсэн
хувь нь зээлдэгчийн зан төлөв, хандлага, гэрээний тодорхойгүй байдал болон
баримтжуулалт сул зэрэг хүчин зүйлстэй холбоотой байна. Иймээс иргэд хоорондын
зээлийн маргааныг бууруулахад зээлдэгчийн санхүүгийн сахилга бат, үүргийн
гүйцэтгэлийг дэмжих чиглэлээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг
боловсронгуй болгох, гэрээний тодорхой байдлыг хангах, бичгээр баримтжуулах болон
гуравдагч этгээдийн оролцоог гэрээнд тодорхой тусгах шаардлагыг нэмэгдүүлэх, бага
дүнтэй зээлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг урьдчилсан заавал шат болгон
хэрэгжүүлэх, хувийн эвлэрүүлэн зуучлах төвийн шийдвэрийг биелүүлэх эрх зүйн
хэрэгжилтийг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн мэдлэг, гэрээний соёл болон зан
төлөвийн эрсдэлийг ойлгох санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх нь үр дүнтэй гэж
дүгнэж байна. |
|