| dc.description.abstract |
Энэхүү дипломын төсөл нь Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны
өдөр тутмын үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх нэгдсэн платформын
системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулах зорилготой. Улаанбаатар хотын
дөрвөн дүүргийн оршин суугчдаас цуглуулсан анхдагч судалгаа болон PIECES
шинжилгээгээр СӨХ-ийн менежментийн өнөөгийн тогтолцоо нь гар ажиллагаанд
тулгуурласан, ил тод бус байгаагаас үүдэн оршин суугчдын итгэл буурах, хураамж
төлөлт идэвхгүйжих, гомдол шийдвэрлэлт удааширах зэрэг системийн түвшний
асуудлууд бий болж байгаа нь тогтоогдсон.
Шийдлийн хувьд оршин суугч, СӨХ-ийн удирдлага, нягтлан бодогч, инженер
техникийн ажилтан, системийн админ гэсэн оролцогчтой цогц веб платформын үүлэн
архитектурт суурилсан зохиомжийг UML стандартын дагуу боловсруулсан.
Архитектурт PostgreSQL, Node.js, Redis технологийн стек, QPay/SocialPay/Toki/Ибаримт API-уудтай интеграц, JWT болон 2FA аюулгүй байдлын стандартыг ашигласан.
Хэрэглэгчийн интерфэйсийг Якоб Нильсений 10 эвристикийн дагуу үнэлэхэд олон
улсын стандартад нийцэх түвшинд боловсруулагдсан болохыг хэрэглэгчийн тестээр
баталгаажуулав. |
|