Хураангуй:
Энэхүү бакалаврын зэрэг горилсон судалгааны ажилдаа компанийн шийдвэр гаргалтад дам байдлаар нөлөөлөгч этгээдүүдийг тодорхойлж, хариуцлага тооцох эрх зүйн боломжийн талаар судаллаа. Монгол улсын хувьд сүүдрийн удирдлага буюу компанийн шийдвэр гаргалтад нөлөө бүхий этгээдэд хамаарах тохиолдол гардаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа тул энэхүү судалгааны ажлын хүрээнд бусад улс оронтой харьцуулах байдлаар сүүдрийн удирдлагын онолыг дэлгэрүүлж, хариуцлага тооцох боломжийг судлан тодорхойлохыг зорьсон болно. Судалгааны ажлын сэдэв нь харьцангуй шинэ судлагдахуун учраас бусад улсын эх сурвалжуудыг түлхүү ашиглан, энэхүү ойлголт хамгийн түгээмэл хөндөгдөж, хуулиар зохицуулагддаг орнуудыг жишээ болгон сонгосон. Тэдгээр улсуудын жишгээр компанийн нөлөө бүхий этгээдийг хэрхэн тодорхойлж, хариуцлага тооцдог болохыг тухайн улсын Компанийн тухай хууль, шүүхийн шийдвэрүүдийн хүрээнд судалж өгөгдөл мэдээллийг цуглуулж энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.