Хураангуй:
Дэлхий дахинд мөнгө угаах гэмт хэрэг нь олон улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Хэдийгээр улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга, механизмийг тасралтгүй боловсронгуй болгож байгаа боловч мөнгө угаагчдын хэрэглэж буй арга хэлбэрүүд үүнийг даган улам нарийсч, ялангуяа виртуал хөрөнгөөр дамжуулан мөнгө угаах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Харин манай улсын хувьд 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ФАТФ-аас дэвшүүлсэн 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх бодит шаардлагатай тулгарсан. Үүний хүрээнд виртуал хөрөнгийн салбарыг хуульчлах бодлого баримталж, 2018 оноос зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг 2021 оноос эхлэн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-иар зохицуулж эхэлсэн. Уг хуулийг дагаж холбогдох бусад хууль, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, ВХҮҮ-ийг мэдээлэх үүрэгтэй этгээдээр тодорхойлсноор тэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд болсон юм.
Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд виртуал хөрөнгөөр дамжуулан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хяналт, хариуцлагын механизмыг сайжруулах боломжит шийдлийг эрэлхийлэхийг зорьсон болно. Үүний тулд мөнгө угаах гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж буй улс орнуудын туршлагад тулгуурлан харьцуулсан судалгаа хийж, Монгол Улсын нөхцөл байдалд нийцэх оновчтой эрх зүйн зохицуулалт, шийдлийг тодорхойлохыг зорилоо. Ингэхдээ олон улсад мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй Эстони, АНУ, Финланд зэрэг улсын сайн жишээнд тулгуурлан судалсан болно.