| dc.description.abstract |
Монгол улсын санхүүгийн салбарын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж буй боловч банкны салбар нийт санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаар бүрдүүлсэн хэвээр байна. Иймээс банкны өмчлөл, хувьцаа эзэмшлийн бүтэц, түүний ил тод байдал нь санхүүгийн тогтвортой байдал төдийгүй системийн эрсдэлийн түвшинд чухал ач холбогдолтой.Сүүлийн арван жилд Монгол улсын банкны салбарт өргөн хүрээний шинэчлэлүүд хийгдэж, банкны салбарын засаглалын орчинд чангарсан шаардлагууд тавигдах болсон бөгөөд Монгол улсад банкны системийг шинэчлэх, эзэмшлийн төвлөрлийг задлах бодлогын хүрээнд Банкны тухай хуульд томоохон шинэчлэлүүд хийгдсэн. 2021 онд Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 36-р зүйлд банкны хувьцааг эзэмших хязгаарлалтуудыг тогтоож өгсөн бөгөөд системийн нөлөө бүхий таван банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк гэх банкнууд нь хувьцааныхаа 5-10 хувийг нээлттэй арилжаалж IPO гарган нийтийн хувь эзэмшилтэй болох сууриа тавьсан.
2021 оноос эхлэн банкнуудаас хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах төлөвлөгөөг гаргуулан авч хяналт тавин ажиллах зорилгын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын 2021 оны А-90/85 дугаар тушаалаар хамтран “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ыг баталж Монголбанк төлөвлөгөөний хэрэгжилтэд улирал тутамд хяналт тавин ажиллаж байна.
Банкны тухай хуулийн 36-р зүйлд заасан хязгаарлалтуудыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхүүдийг түдгэлзүүлэхээс гадна банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг өөрийн хөрөнгөөс хасах болон хуульд заасан бусад албадлагын арга хэмжээг авахаар хуульчилсан боловч 2023 оны 12 дугаар сарын 31-ий дотор хэмээн тогтоосон хугацаа нь Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл явц гадаад дотоод олон хүчин зүйлээс үүдэн цаг хугацаандаа биелэх боломж дутмаг тул 2026 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хойшлуулсан.Иймд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр банкны хувьцааг эзэмших хязгаарлалтуудын талаарх практик хэрэгжилт болон Монгол улс дахь одоогийн эрх зүйн орчны талаарх судалгаа шаардлагатай байгаа бөгөөд банкны хувьцааны төвлөрлийг бууруулах тал дээр авч буй арга хэмжээ нь олон улсын жишигт нийцэн амжилттай хэрэгжвэл Монгол улсын санхүүгийн зах зээл, түүнчлэн банкны зах зээлийн төвлөрлийн эрсдэлийг бууруулж хөрөнгийн зах зээл тэргүүтэй бусад санхүүгийн зах зээлийн цар хүрээ тэлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. |
en_US |