| dc.description.abstract |
Энэхүү судалгааны зорилго нь Монголын бизнесийн байгууллагуудын дунд шатны удирдах ажилтнуудын ажил–амьдралын тэнцвэрт нөлөөлж буй хувь хүний болон байгууллагын хүчин зүйлсийг онолын болон эмпирик түвшинд тодорхойлох явдал юм. Судалгааны онолын үндэслэлд Үүргийн онол, Үүргийн зөрчлийн онол, Ажил–гэр бүлийн зөрчлийн болон харилцан эерэг нөлөөллийн онолууд, Ажлын шаардлага–нөөцийн (JD-R) загвар, мөн Ажил–амьдралын хил хязгаарын удирдлагын онолуудыг ашиглан дунд шатны удирдлагуудын “сэндвич байрлал”, үүргийн давхар дарамт, ажлын ачаалал, байнгын бэлэн байх соёлын нөлөөг тайлбарлав.
Судалгааг хосолсон аргазүйгээр хэрэгжүүлж, тоон судалгаанд бизнесийн байгууллагын 267 дунд шатны удирдах ажилтнуудыг хамруулсан бол чанарын судалгаанд 21 оролцогчтой хагас бүтэцлэгдсэн ярилцлага хийв. Тоон судалгаанд Hayman (2005)-ийн Work–Life Balance Scale-ийг ашиглан тодорхойлогч статистик, корреляцийн болон регрессийн шинжилгээг хийсэн бөгөөд чанарын өгөгдлийг тематик шинжилгээний аргаар боловсруулж, тоон судалгаагаар илэрсэн статистик хамаарал, зөрүү болон няцаагдсан таамаглалуудыг бодит ажлын туршлага, субъектив ойлголтын түвшинд гүнзгийрүүлэн тайлбарлав.
Судалгааны үр дүнгээр ажлын ачаалал, байнгын бэлэн байх соёл, ажлын стресс болон ажлаас халшрах хам шинж нь дунд шатны удирдах ажилтнуудын ажил–амьдралын тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж буй гол тодорхойлогч хүчин зүйлс болох нь тогтоогдсон. Харин удирдлагын дэмжлэг болон ажлын сэтгэл ханамж нь эерэг хамааралтай илэрсэн боловч бусад ажлын орчны хүчин зүйлсийг хамтад нь хянахад бие даасан нөлөө үзүүлээгүй бөгөөд чанарын судалгааны үр дүн нь эдгээр хүчин зүйлс ажил-амьдралын тэнцвэрт ихэвчлэн шууд бус, системийн шинжтэй механизмаар нөлөөлж байгааг баталгаажуулсан.
Энэхүү судалгаа нь Монголын нөхцөлд дунд шатны удирдах ажилтнуудын ажил–амьдралын тэнцвэрийг хувь хүний болон байгууллагын хүчин зүйлсийн харилцан нөлөөллийн хүрээнд эмпирик байдлаар шинжилсэн цөөн судалгааны нэг бөгөөд хүний нөөцийн бодлого, удирдлагын практикт нотолгоонд суурилсан шийдэл боловсруулахад онол, практикийн ач холбогдолтой юм.
Түлхүүр үгс: дунд шатны удирдах ажилтан, ажил–амьдралын тэнцвэр, ажлын ачаалал, байнгын бэлэн байх соёл, ажлаас халшрах хам шинж. |
en_US |