Хураангуй:
Монгол Улсад иргэний эрх зүйн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр түрээсийн гэрээтэй холбоотой эрх, үүргийн маргаан, хариуцлагын асуудал ч мөн адил өсөн нэмэгдэж байна. Түрээслэгч нь тухайн түрээсийн зүйлийг ашиглах явцдаа өөрийн хөрөнгөөр засвар, сайжруулалт хийсэн тохиолдолд тухайн зардлыг нөхөн төлүүлэх асуудал нь практикт нэлээд түгээмэл маргаан үүсгэдэг ч эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус, эсвэл хоёрдмол ойлголттой байдаг.
Энэхүү дипломын ажлын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалт, шүүхийн практик, харьцуулсан эрх зүйн судалгаа, онолын үзэл баримтлалд тулгуурлан түрээсийн зүйлийг засаж сайжруулсан нөхцөлд нөхөн төлбөр шаардах эрх үүсэх үндэслэл, шаардлагыг тодорхойлон өнөөгийн байдлаарх тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж сайжруулах боломжийг судласан. Судалгааны явцад түрээсийн гэрээний төрлүүд, талуудын эрх үүргийн зохицуулалт, “засвар хийсэн нь шаардлагатай байсан эсэх”, “түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэй байсан эсэх”, “засварын чанар, эдийн засгийн үр ашиг” зэрэг нөхцөл байдлыг эрх зүйн үүднээс нарийвчлан авч үзсэн бөгөөд судалгааны үр дүнд ИХ-н түрээслэгчийн эрх зүйн байдлыг сайжруулах боломжуудыг боловсронгуй болгох санал дэвшүүлсэн. Энэ нь түрээсийн гэрээний эрх зүйн орчингоо тодорхой болгох, шүүхийн практикийг жигдлэх, гэрээний талуудын эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой юм.