Хураангуй:
Улс орон бүр өөр өөрийн эдийн засгийн хөгжил, амьдралын баталгаат түвшний үзүүлэлтээс хамаарч хүн оршин байх нөхцөлийг үгүйсгэж байгаа эсхүл алдагдуулах нөхцөл шалтгааныг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг хуульд тусган хэрэгжүүлж ирсэн.
Нийгмийн даатгал нь иргэн бүрийн хөдөлмөр эрхлэлтийн баталгаа, орлогын аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрсдэлээс хамгаалах төрийн чухал бодлогын хэрэгсэл юм. Төрөөс нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, удирдах, зарцуулах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг бөгөөд энэ тогтолцооны үндсэн эх үүсвэр нь даатгуулагч болон ажил олгогчийн төлдөг шимтгэл юм.
Нийгмийн даатгалын шимтгэл нь ажиллагчийн хөдөлмөрийн орлогоос тодорхой хувь хэмжээгээр тооцон төлөгддөг бөгөөд энэ нь даатгуулагчийн ирээдүйд авах нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хамрах хүрээ, тогтвортой байдлыг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Гэвч шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүн буюу “даатгалын суурь орлого”-ын тодорхойлолт, тооцоолол нь улс орон бүрд ялгаатай бөгөөд Монгол Улсад энэ асуудал практикт нэлээдгүй маргаантай, зөрчилтэй асуудлын нэг хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хэлбэр олон төрөл болж, ажлын цагийн уян хатан байдал, урамшуулал, нэмэгдэл цалин, гэрээт ажил, зэрэг шинэ орлогын эх үүсвэрүүд бий болж буй нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын хүрээг оновчтой тодорхойлох шаардлагыг улам нэмэгдүүлж байна. Үүнтэй уялдан одоогийн хууль эрх зүйн зохицуулалт бодит байдалтай хэр нийцэж байгаа, ямар орлогыг шимтгэлд хамруулах, аль орлогыг хасах талаар онол, практикийн судалгаа хийх нь чухал ач холбогдолтой юм.