Хураангуй:
Энэхүү судалгааг барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төслийн удирдлагыг үе шатны загвараар хэмжин, тэдгээрийн давуу ба сул талыг илрүүлэн, төслийн удирдлагыг сайжруулах санал зөвлөмж боловсруулах зорилгоор хийсэн болно. Барилгын төслийн удирдлагын өнөөгийн байдлыг хэмжихийн тулд, түгээмэл ашиглагддаг үе шатны загварууд болон сүүлийн үед барилгын салбарт ашиглагдаж байгаа хэд хэдэн загварыг судалж үзлээ. Тухайлбал,
• CMM Capability maturity model
• CMMI Capability maturity model integration
• OPM3 Organization Project Management Maturity Model
• CM3 Change management maturity model
• PM2 Project Management Maturity model –ыг илүү дэлгэрэнгүй судалсан.
Загварууд ерөнхийдөө үндсэн нэг загвар буюу CMM загвар дээр суурилан хөгжсөн тул өөр хоорондоо төстэй бөгөөд үе шатны 1-5 түвшинтэй байх нь түгээмэл байна.
Судлаач Абадир Юмамын судалгааны ажилд барилгын төслийн удирдлагын бүх ойлголт, бүх үйл явцыг хамруулан хэмжсэн судалгаа хийх нь шаардлагатай байгаа гэдгийг үндэслэн, төслийн удирдлагын ойлголт, үйл явц тус бүрээр нь үе шат тодорхойлсон байдлыг харгалзан PM2 загварыг сонгон авч барилгын төслийн удирдлагын үе шатыг хэмжлээ.
Барилгын төслийн удирдлагыг сонгон авсан компаниуд дээрээ судалж үзэхэд 5 үе шатны дунд буюу үйл явц ерөнхийдөө зохион байгуулалттай болсон үе шатанд байна. (5 онооноос 2.53) Үйл явц тус бүрээр нь авч үзвэл, барилгын компаниудыг төслийг тодорхойлох үйл явцдаа илүү анхаарах шаардлагатай гэж дүгнэлээ. Төслийн удирдлагын ойлголтын үе шатаар хэмжихэд, барилгын компаниудад эрсдэлийн удирдлага (5 онооноос 1.9) хамгийн сул хэрэгжиж байгаа ба үүнд компаниудын удирдах дээд албан тушаалтны оролцоо хэт их, өмнөх төслүүдийн сургамжаа баримтжуулдаг ч дараагийн төсөлдөө ашигладаггүй зэрэг нь нөлөөлж байна.
Энэ нь цаашлаад цаг хугацааны төлөвлөлт алдагдаж, өртөг зардал нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Эдгээр байгууллагууд үйл ажиллагааг бүтэцчилэн, байгууллагынхаа хэмжээнд төслийн удирдлагын нэгдсэн нэг ойлголттой болж, төслийн удирдагч болон бусад оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлснээр төслийн удирдлагаа сайжруулах боломжтой.