Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ресторануудын үйлчилгээний чанарыг харьцуулан судалж, дүгнэхэд чиглэлээ. Судалгааны ажлын хүрээнд анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн үйлчилгээ, үйлчилгээний чанарын тухай онол, рестораны салбарын нөхцөл байдал цаашдын чиг хандлагыг тоймлон хүргэсэн болно. DINESERV загварын таван хэмжигдэхүүн дээр “Ирээдүйд дахин үйлчлүүлэх эрмэлзэл”, “Үнэнч байдал” гэсэн хоёр хэмжигдэхүүнийг нэмж, нийт долоон хэмжигдэхүүний хүрээнд зургаан рестораны үйлчилгээний чанарыг харьцуулан шинжилсэн болно.
Судалгаанд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус тус байрлах KK restaurant, Dorchester club restaurant, Alfie restaurant, Red tap restaurant, Алтангадас ресторан, Shoo house restaurant-аар үйлчлүүлж буй 322 үйлчлүүлэгч хамрагдсанаас, 300 амжилттай өгөгдөл цуглуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан ресторануудаас үйлчилгээний чанар хамгийн сайн ресторан нь “KK restaurant” байсан бол, үйлчилгээний чанараараа бусад ресторанаасаа бага үнэлгээ авсан нь “Shoo house restaurant” байсан. Бусад рестораны үйлчилгээний чанар ерөнхийдөө харьцангуй жигд боловч үйлчилгээний чанарын хэмжигдэхүүн тус бүрээрээ ресторанууд зөрүүтэй болохыг шинжилгээгээр бататган харуулсан. Мөн нас, хүйс, үйлчлүүлсэн хугацаа, ханьсалт болон үйлчлүүлж байгаа үе нь үйлчилгээний чанарыг үнэлэхэд хэрхэн ялгаатай нөлөөлж буйг судалгааны үр дүнгээс харах боломжтой.