Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь байгууллагын өөрчлөлтийн үед ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал (Emotional Intelligence, EI), өөрчлөлтөд эсэргүүцэх хандлага (Resistance to Change, RTC) болон дасан зохицох чадвар (Adaptability) хоорондын харилцан хамаарлыг Монголын худалдааны салбарын ажилтнуудын жишээн дээр эмпирик аргаар шинжлэн судлахад оршино. Орчин үеийн худалдааны салбар нь технологийн шинэчлэл, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, өрсөлдөөний эрчимжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан байнгын өөрчлөлтийн орчинд ажиллаж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь ажилтнуудын сэтгэл зүй, хандлага, зан төлөвт хүчтэй нөлөө үзүүлж байна.
Судалгаанд cross-sectional, корреляцийн шинжтэй тоон судалгааны дизайн ашигласан бөгөөд анхдагч өгөгдлийг Монгол Улсын худалдааны салбарт ажиллаж буй ажилтнуудаас асуулгын аргаар цуглуулсан. Судалгаанд сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлыг WLEIS, өөрчлөлтөд эсэргүүцэх хандлагыг Oreg (2003)-ийн хэмжүүр, дасан зохицох чадварыг Martin et al. (2012)-ийн Adaptability Scale-аар тус тус хэмжив. Цуглуулсан өгөгдөлд дескриптив статистик, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн болон регрессийн шинжилгээ хийж, таамаглалуудыг SPSS програм ашиглан шалгасан.
Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал нь өөрчлөлтөд эсэргүүцэх хандлагатай статистикийн хувьд ач холбогдолтой эерэг хамааралтай, мөн дасан зохицох чадвартай мөн эерэг, ач холбогдолтой хамааралтай болох нь тогтоогдлоо. Үр дүн нь EI нь байгууллагын өөрчлөлтийн үед ажилтнуудын сэтгэл зүйн хариу үйлдэл, өөрчлөлтийг хүлээн авах байдал, шинэ нөхцөлд дасан зохицох чадамжийг тодорхойлох чухал хувьсагч болохыг харуулж байна.
Энэхүү судалгаа нь сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал, өөрчлөлтөд эсэргүүцэх хандлага, дасан зохицох чадварын уялдаа холбоог Монголын худалдааны салбарын нөхцөлд эмпирик түвшинд баталгаажуулснаараа онолын болон практик ач холбогдолтой. Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагуудын өөрчлөлтийн менежмент, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөрт EI-д суурилсан хандлагыг нэвтрүүлэх, ажилтнуудын дасан зохицох чадварыг дэмжих чиглэлээр практик зөвлөмж боловсруулсан.