| dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь байгууллагын удирдлага, ялангуяа хүний нөөцийн менежментэд чухал байр суурь эзлэх болсон. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын ногоон хүний нөөцийн менежмент (Green Human Resource Management, GHRM) байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжихэд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, мөн GHRM-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ач холбогдлыг эмпирик аргаар судлахад оршино. Судалгаанд тогтвортой хөгжил болон хүний нөөцийн менежментийн уялдаа холбоог онолын түвшинд авч үзэж, байгальд ээлтэй үнэт зүйлтэй ажилтнуудыг сонгон шалгаруулах, байгаль хамгаалах мэдлэг, ур чадварыг олгох сургалт ба хөгжил, байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих шагнал урамшууллын тогтолцоо зэрэг үндсэн хэмжүүрүүдийг тодорхойлов. Судалгааны өгөгдлийг Монгол Улсын банк болон банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж буй ажилтнуудаас цахим асуулгаар цуглуулж, статистикийн SPSS програм ашиглан боловсруулсан. Өгөгдлийн найдвартай байдлыг Кронбахын альфа аргаар шалгахад асуулгын нийт найдвартай байдал өндөр (α = 0.965) гарсан нь судалгааны өгөгдөл найдвартай болохыг баталсан. Тодорхойлох статистик шинжилгээгээр GHRM-ийн практикуудын талаар ажилтнуудын хандлага ерөнхийдөө эерэг чиглэлтэй байгааг тогтоосон бөгөөд ялангуяа байгаль хамгаалах мэдлэг, ур чаввар олгох сургалт, хөгжлийн арга хэмжээ харьцангуй өндөр үнэлгээ авсан байна. Корреляцийн шинжилгээний үр дүнд GHRM-ийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо болон байгууллагын тогтвортой хөгжлийн үзүүлэлттэй статистикийн хувьд ач холбогдол бүхий эерэг хамааралтай болох нь тогтоогдсон. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр GHRM-ийн хүчин зүйлс байгууллагын тогтвортой хөгжлийн 74.5 хувийг тайлбарлаж байгаа бөгөөд байгаль орчин хамгаалах мэдлэг, ур чадвар олгох сургалт, хөгжүүлэлт болон шагнал урамшууллын тогтолцоо нь тогтвортой байдалд хамгийн их нөлөө үзүүлж буйг харуулсан. Судалгааны үр дүнгээс харахад Монголын санхүүгийн байгууллагууд GHRM-ийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа боловч байгальд ээлтэй үнэт зүйлтэй ажилтнуудыг сонгон шалгаруулах практик бодит хэрэгжилтийн түвшинд сул байгааг илрүүлэв. Иймд GHRM-ийг байгууллагын стратеги, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх нь санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж дүгнэв. |
en_US |