Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын бизнесийн удирдлагын хөтөлбөрийн чанар, хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх зорилготой. Судалгаанд бизнесийн удирдлагын хөтөлбөрийн сургалтын үйл явц, багшлах бүрэлдэхүүн, дэд бүтэц ба техник тоног төхөөрөмж, практик үйл ажиллагаа, суралцагчдын судалгааны ажил, төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэх боломж зэрэг үндсэн хүчин зүйлсийг хамруулан судалсан.
Судалгааны онолын үндсийг боловсролын хөтөлбөрийн үнэлгээний CIPP загвар болон суралцахуйн үр дүнд суурилсан (Outcome-based education) хандлага бүрдүүлсэн бөгөөд судалгааг тоон болон чанарын аргыг хослуулсан загвараар хэрэгжүүлсэн. Өгөгдлийг асуулга болон ярилцлагын аргаар цуглуулж, SPSS болон SmartPLS программ ашиглан статистик болон бүтцийн загварын шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад хэмжилтийн загварын Кронбахын альфа, нийлмэл найдвартай байдал (CR), дундаж дисперсийн утга (AVE) нь санал болгож буй босго хэмжээг хангаж, судалгаанд ашигласан хувьсагчид найдвартай, хүчин төгөлдөр болох нь батлагдсан. Бүтцийн загварын шинжилгээгээр сургалтын үйл явц ба агуулга, багшлах бүрэлдэхүүн, багшлахуй ба суралцахуйн зохион байгуулалт нь боловсролын үйл ажиллагаанд өндөр түвшний нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон бол практик сургалт, дэд бүтэц, судалгааны үйл ажиллагаа нь дунд зэргийн нөлөө үзүүлж байна.
Судалгааны үр дүнг олон улсын бизнесийн боловсролын чанарын жишиг болох ACBSP-ийн стандартуудтай уялдуулан тайлбарлаж, бизнесийн удирдлагын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад чиглэсэн бодитой санал, зөвлөмж дэвшүүлсэн болно.