Тайлбар:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хилийн гаднах үйлчлэлийн эрх зүйн зохицуулалтыг судалсан бөгөөд дэлхийн чиг хандлага, нөлөөллийн онол (effects doctrine), хоёр талт болон олон талт гэрээний хэрэгжилт зэргийг харьцуулсан эрх зүйн үүднээс шинжилсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шинэчилсэн Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтаар хилийн гадна үйлдэгдсэн өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа нь дотоодын зах зээлд нөлөөлсөн тохиолдолд хууль үйлчлэх зохицуулалт бий болсон хэдий ч түүний хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс сул хэвээр байна.
Ажлын хүрээнд АНУ, Европын Холбоо зэрэг хөгжингүй орны эрх зүйн туршлагыг харьцуулж, “нөлөөллийн онол (effects doctrine)”-ын хэрэглээ, АНУ-ЕХ-ны хоёр талт гэрээнүүд, Монгол Улсын Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан судалсан. Үүний үндсэн дээр Монгол Улсад өрсөлдөөний эрх зүйн хилийн гаднах хэрэгжилтийг бэхжүүлэх эрх зүйн болон институцийн суурийг боловсронгуй болгох шаардлагатай болохыг онцолсон. Ялангуяа нотлох баримт солилцоо, шийдвэрийн гүйцэтгэлийг хөнгөвчлөх, хоёр талт гэрээ байгуулах, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь уг зохицуулалтын хэрэгжилтийг бодит болгох нөхцөл болно.
Иймд энэхүү судалгаа нь Монгол Улсын өрсөлдөөний хууль тогтоомжийг хилийн гадна хэрэгжүүлэх боломж, хэрэгцээ, бэрхшээл болон олон улсын эрх зүйн туршлагыг шүүн тунгааж, цаашид холбогдох эрх зүйн шинэчлэл хийхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.