Хураангуй:
Сүүлийн жилүүдэд Монгол улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь аль ч улсад эдийн засгийн гол цөм бүрэлдэхүүн хэсэг болдог ба эдгээр бизнес эрхлэгчид нь зах зээлд амжилттай ажиллаж, зэх зээлээ тэлэхэд хөрөнгө санхүүгийн асар олон сорилтуудтай тулгардаг. 2020 оны цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид цахим худалдаа руу шилжсэн хэдий ч “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ны 2022 онд хийгдсэн цахим худалдааны зах зээлийн судалгаанаас харахад хэрэглэгчид цахим худалдааг сонгоогүй шалтгаан нь биет дэлгүүрээр үйлчлүүлэхийг илүүд үздэг гэсэн судалгааны үр дүн гарсан байсан юм. Иймд жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд биет дэлгүүрээр дамжуулан брэндээ таниулах, хэрэглэгчдийн итгэлийг бий болгох, зах зээлд байр сууриа тодорхойлох хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тус хэрэгцээний хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчид биет дэлгүүртэй болоход түрээсийн үнэ өндөр байх, томоохон дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ байршуулах зэрэг үйл ажиллагаануудад санхүүгийн хүндрэл бэрхшээл бий болдог.
Энэхүү дипломын ажлын хүрээнд ЖДБ эрхлэгчдийн түрээсийн зай талбай сонгоход нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлсон ба судалгааны үр дүнд тулгуурлан үнэ цэний санал бүхий практикт хэрэгжих боломжтой, эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл боловсруулж, шинэ брэндүүдийг таниулах зорилготой уян хатан нөхцөлтэй, маркетингийн дэмжлэг бүхий дундын талбай түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулсан ба маркетингийн нэмэлт үйлчилгээ, поп-ап дэлгүүрийн үйлчилгээг нэмэлтээр оруулсан.
Судалгаанд нийт 220 ЖДБ эрхлэгч оролцож, үйлчилгээний талбай сонгоход нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор фактор шинжилгээ, олон хүчин зүйлийн регресс, зорилтот хэрэглэгчдийг тодорхойлох кластер шинжилгээг тус тус хийсэн. Судалгаанаас гарсан үр дүн дээр суурилан G-STIC загварын дагуу маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан.