Хураангуй:
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлтийн мэдрэмж
нь хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах цагийн шийдвэрт цалингийн өөрчлөлт хэрхэн
нөлөөлж буйг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын
хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж, түүний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин
зүйлсийг тодорхойлох зорилгоор 2018 болон 2022 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн
судалгааны өгөгдөлд суурилан хоёр шатат хамгийн бага квадратын аргаар шинжилгээг
хийж, үр дүнг үнэллээ. Судалгаанд 15-65 насны хөдөлмөрийн насны хүн амыг хамруулж,
насны бүлгүүдийн хувьд 15-24 насны бүлгийг суурь болгон авч, робуст аргаар
үнэлгээний хазайлт, алдааг засварлах аргыг ашигласан болно.
Судалгааны үр дүнд хөдөлмөрийн нийлүүлэлтийн нэгдсэн мэдрэмж 2018 онд
цалингийн өсөлтөд эерэг буюу цалин 1 хувиар өсөхөд ажиллах цаг 0.83 хувиар өсөх
хандлагатай байсан бол 2022 онд энэхүү мэдрэмж 0.41 болж буурсан байна. Насны
бүлгийн хувьд, хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж нь 15-24 насны бүлэгт хамгийн
өндөр байгаа бөгөөд нас ахих тусам буурах хандлагатай байна. Мөн эрэгтэй хүмүүсийн
хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж эмэгтэйчүүдийнхээс өндөр, гэрлэсэн хүмүүсийнх
гэр бүлгүй хүмүүсээс илүү байгааг тогтоосон. Боловсрол болон туршлагын хувьд,
боловсрол нэмэгдэхийн хэрээр ажиллах цагийн мэдрэмжид сөргөөр нөлөөлж, харин
туршлага нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Цаашид, боловсрол болон туршлагын хувьсагчдын хөдөлмөрийн нийлүүлэлтэд
үзүүлэх сөрөг хандлагыг нарийвчлан судлах, цахим ажлын байр болон уян хатан ажлын
цагийн нөлөөллийг үнэлэх, санхүүгийн зах зээл, татвар болон халамжийн бодлогын
хувьсагчдыг тусган, хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмжийг илүү цогц байдлаар
судлах шаардлагатай байна.