dc.description.abstract |
Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсад хэрэгжиж буй тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн судалж, хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх бодит боломжийг тодорхойлоход оршино. Манай улсын хувьд дундаж наслалт нэмэгдэж, 50 ба түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь өсөж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо бууран тэтгэвэр авагчдын тоо нэмэгдсэнээр тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, 2024 оны 10-р сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн алдагдал 4.7 их наяд төгрөгт хүрч, энэ нь ДНБ-ий 5.8 хувийг эзэлсэн байна. Энэ мэтчилэн асуудлууд тулгарч байгаа учир судалгаа хийх үндэслэлтэй болно. Судалгааны хүрээнд онол, арга зүйд тулгуурлан олон улсын туршлагыг харьцуулсан кейс судалгаа шинжилгээ, мөн чанарын болон эконометрик шинжилгээг хослуулсан судалгааг хийлээ.
Чанарын судалгааны хүрээнд албан секторийн ажилчидтай ярилцлага хийн, хувийн тэтгэврийн санд хуримтлал хийх эсэх зан төлөвийг судалсан. Харин эконометрик судалгаагаар хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд нөлөөлөгч макро эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөг тодорхойлсон. Мөн анкет судалгааны мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж өгсөн.
Судалгааны үр дүнд Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэхэд санхүүгийн зах зээлийн хөгжил сул, иргэдийн орлого бага, санхүүгийн мэдлэг мэдээлэл хангалтгүй зэрэг олон хүчин зүйл хүндрэл учруулж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Мөн хувийн тэтгэврийн бүтээгдэхүүн, үйлчилгээг одоо байгаа зохицуулалтын хүрээнд үзүүлж эхэлсэн 6 байгууллага байгаа хэдий ч хувийн тэтгэврийн харилцааг бүрэн зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иргэдийн тэтгэвэрийн хуримтлал үүсгэх итгэл, хандах хандлага сул байгааг илэрхийлж байна.
Иймд хувийн тэтгэврийн санг амжилттай хөгжүүлэхийн тулд бие даасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хөрөнгийн найдвартай байдлыг хянах, зохицуулалтыг бий болгон урт хугацааны урамшууллын бодлогыг нэвтрүүлэх шаардлагатай байна. |
en_US |