dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдийн хөгжлийн тоглоом худалдан авах эрмэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн юм. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих тоглоомын эрэлт нэмэгдэж байгаа нь хэрэглэгчийн шинэ зан төлөвийг бий болгож байгаа тул энэхүү чиглэлд судалгаа хийх зайлшгүй шаардлага бий болсон. Ялангуяа 0–6 насны хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөний хөгжил, хэл яриа, нийгмийн харилцааг дэмжих тоглоомын чанар, аюулгүй байдал, танин мэдэхүйн ач холбогдол эцэг эхчүүдийн худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлж буйг онолын ба эмпирик түвшинд судалсан болно.
Судалгааны онолын үндэс нь Төлөвлөсөн зан төлөвийн онол (Theory of Planned Behavior, TPB) дээр тулгуурласан. Энэ онолоор хүний үйлдэл, зан төлөв нь тухайн хүний хандлага, нийгмийн орчны нөлөө (subjunctive norm), зан төлөвийн хяналт (perceived behavioral control)-аас хамаардаг гэж үздэг. Мөн судалгаанд хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн 4P (Product, Price, Place, Promotion) загвар, сэтгэл зүйн хөгжлийн онолуудыг хавсрал болгон ашигласан. Судалгааны онолын үндэс нь хэрэглэгчийн шийдвэр гаргалтад нөлөөлдөг дотоод (сэтгэлгээ, мэдлэг, хандлага) болон гадаад (сурталчилгаа, үнэ, нийгмийн нөлөөлөл) хүчин зүйлсийн уялдааг танин мэдэх, практикт тусгах боломжийг нээж өгсөн.
Судалгааны аргаар тоон судалгааны аргыг ашиглаж, Улаанбаатар хотод оршин суудаг 0–6 насны хүүхэдтэй 415 эцэг эхээс түүвэрлэн анкетын аргаар мэдээлэл цуглуулсан. Судалгааны арга зүйд IBM SPSS 26.0 программ ашиглаж, Cronbach’s Alpha- аар хэмжилтийн найдвартай байдлыг шалгасан бөгөөд хувьсагчдын хоорондын уялдааг корреляц болон регрессийн шинжилгээгээр дүгнэсэн.
Судалгааны үр дүнд дараах гол дүгнэлтүүдийг хийж болно. Нэгдүгээрт, эцэг эхийн хандлага, боловсролын түвшин, өрхийн орлого, бүтээгдэхүүний чанар, үнэ, сурталчилгаа зэрэг нь тоглоом худалдан авах эрмэлзэлд эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан. Тухайлбал, боловсролын түвшин өндөр эцэг эхчүүд хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах, танин мэдэхүйн ач холбогдолтой тоглоом сонгох хандлагатай байсан. Хоёрдугаарт, сурталчилгаа ба брэндийн мэдээлэл нь хэрэглэгчийн ойлголтод нөлөөлдөг бөгөөд үнэн зөв, боловсрол олгосон сурталчилгаа нь хэрэглэгчийг “ухаалаг худалдан авалт” хийхэд чиглүүлдэг нь харагдсан. Гуравдугаарт, эцэг эхийн санхүүгийн боломж, тоглоомын үнийн хүлээлт, мөн нягт судалгаа хийсний үндсэн дээр сонголт хийх зан төлөв илт давамгайлж байна. Үүнийг Төлөвлөсөн зан төлөвийн онолын “зан төлөвийн хяналт” бүрдүүлж байгааг судалгааны регрессийн дүн бататгаж байна.
Эдгээр үр дүнд үндэслэн дараах дүгнэлтүүдийг хийж болно. Эцэг эхийн мэдлэг, боловсрол, хандлага, мэдээлэлтэй байх түвшин нь худалдан авалтын шийдвэр гаргалтад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Худалдан авалтад чиглэсэн сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлс, сурталчилгааны мөн чанар, бүтээгдэхүүний үнэлэмж зэрэг нь эцэг эхийн сонголтыг тодорхойлж байна. Үүний зэрэгцээ, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд итгэх итгэл харьцангуй сул, хэрэглэгчид ихэвчлэн гадаад брэндийг илүүд үзэж байгааг онцлон тэмдэглэх шаардлагатай.
iii
Судалгааны үр дүнд тулгуурлан дараах санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэв. Нэгдүгээрт, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, боловсролын ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэл түгээх танин мэдэхүйн кампанит ажил өрнүүлэх нь чухал. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанар, стандарт, материалын найдвартай байдалд онцгой анхаарч, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, сурталчилгааны стратеги нь зөвхөн брэнд сурталчлах бус, хэрэглэгчийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлтэй байх ёстой. Дөрөвдүгээрт, маркетингийн бодлогод эцэг эхчүүдийн санхүүгийн мэдрэмж, боловсрол, хандлагыг тусган сегментчилэл хийх нь илүү оновчтой байна.
Энэхүү судалгаа нь хэрэглэгчийн зан төлөвийн шинжлэх ухаанд суурилсан шинэ ойлголт, эмпирик өгөгдлийг бий болгож, хүүхдийн тоглоомын зах зээлд чиглэсэн маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд практик ач холбогдол бүхий үндэслэл, санал, шийдлүүдийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм. |
en_US |