dc.description.abstract |
Дэлхий дахинд хүн амын насжилт, төрөлт саарахтай холбоотойгоор нийгмийн халамжийн зардлууд нэмэгдэх хандлагатай болж байна. Тэр дундаа дэлхийн 2-р дайны дараах их төрөлтийн үеийнхэн хөдөлмөрийн наснаас тэтгэврийн насанд шилжих шилжилт хурдацтай явагдаж байна. Жил ирэх бүр төрөлтийн түвшин буурч байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын тоог бууруулах нөлөөтэй. Тэтгэврийн болон хөдөлмөрийн насны хүн амын харьцаа нэмэгдэх нь хөдөлмөрийн насны хүн амд ирэх төсвийн дарамтыг бий болгож байна. Монгол улсад тэтгэврийн даатгалын сан нь өнөөгийн ажиллаж буй хүмүүсийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээр өнөөгийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг санхүүжүүлдэг. Тэтгэврийн даатгалын сан нь тухайн жилийн цугларсан шимтгэлийн орлого, зарлагад хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүг улсын төсвөөс татаас олгох байдлаар санхүүждэг. Тэтгэврийн даатгалын сангийн тэнцэл сөрөг байх нь улсын төсөвт ачаалал үүсгэдэг. Монгол улсад их төрөлтийн үеийнхэн 2010 оноос эхлэн тэтгэвэрт гарч эхэлсэн бөгөөд 2045 он гэхэд бүхэлдээ хөдөлмөрийн наснаас тэтгэврийн насанд шилжих хүн ам зүйн шилжилт явагдахаар байна. Манай орны хувьд зах зээлийн нийгэмд шилжсэнээр төрөлт 1993-2005 онд эрс буурсан байдаг. Энэхүү нөлөөгөөр дараагийн 40 жилд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэх бөгөөд энэхүү алдагдлыг шимтгэлийн хувь хэмжээ болон ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бодлого хэрэгжүүлэн алдагдлыг бууруулж, тэнцвэрт байдлыг хангах боломж бүрдэнэ. Хүн амын тоог Леслигийн загвар, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг үе хоорондын тооцооны аргачлалыг ашиглан тооцоолов. Тооцоололд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлага, инфляцын жилийн дундаж түвшин, хүн амын тоо, ажиллах хүчний оролцооны түвшин, өндөр насны тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн хэмжээ зэрэг өгөгдлийг ашигласан. |
en_US |