dc.description.abstract |
Монгол улсад аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьслын нөлөөгөөр инновац, дэвшилтэт технологид суурилсан бизнесийн шинэлэг загварууд бий болж, тэдгээр нь улс орны нийгэм, эдийн засаг, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн эерэг нөлөөлөл үзүүлж байна. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг хийхийн тулд байгууллагууд төслийн удирдлагын арга, аргачлалуудыг ашиглан төлөвлөсөн зорилго, зорилтуудаа хүрсээр байна. Одоогийн байдлаар Монгол улсын засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх E-mongolia төсөл, Монгол улсын хөгжлийн банкнаас импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд, Хувийн хэвшлийн салбарт Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, Мобиком ХХК-ийн дэд бүтцийн төсөл, ТЭСО Группын барилга, бүтээн байгуулалтын төсөл зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн менежментийн шинжлэх ухаан Монгол улсад 1990-ээд оноос хойш эрчимтэй дэлгэрч, ном хэвлэл, судалгааны ажлууд олноор хийгдэж эхэлсэн боловч төслийн аргачлалуудын оновчтой байдал, хэрэгжилтийн үнэлгээний судалгаа, товхимол тун ховор байна. Энэхүү судалгаа нь Монголын бизнесийн орчинд мэдээллийн технологийн бус салбарт хэрэгжсэн эсвэл хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн амжилтад ажайл аргачлалын нөлөөг үнэлэн, ажайл аргачлалыг хэрэгжүүлснээр төслийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход чиглэгдсэн.
Судалгаанд өөр хоорондоо ялгаатай чиглэлд үйл ажиллагаа явуулдаг салбарууд болох банк санхүү, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний салбаруудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд ажайл аргачлал бүрэн нэвтрээгүй ч тодорхой арга хэрэгслүүдийг ашиглан төслийн гүйцэтгэлийн үр дүнг мэдэгдэхүйц сайжруулсан байна. Гэсэн хэдий ч төслийн тодорхой бус байдал, өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадвар төдийлөн сайн биш байгаа нь тухайн салбаруудад төрийн өндөр зохицуулалт, хяналтын доор үйл ажиллагаа явуулдаг болон энэ судалгаа нь групп аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хийгдсэн тул томоохон аж ахуйн нэгж байгууллагын шийдвэр гаргах процесс удаан байдаг зэргээс шалтгаалж удаан хариу үйлдэл үзүүлж байна. Энэхүү аргачлалаар зөвхөн мэдээллийн технологиос гадна бусад төрлийн салбаруудад амжилттай хэрэгжүүлэх боломжтой харагдаж байна. Түүнчлэн боловсрол, хүний нөөц, маркетинг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад ашиглах судалгаа хийх болон практикт өргөнөөр ашиглах боломжтой гэж үзэж байна. |
en_US |