Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь мэдээллийн технологийн нөөц, эрчим хүч, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй “Ногоон технологи”-ийг хөгжүүлэх хүрээнд серверийн виртуалчлалын Монгол дахь өнөөгийн байдал, сорилт, боломжуудыг судалсан болно. Серверийн виртуалчлал нь нэг физик сервер дээр олон виртуал орчин ажиллуулах боломжийг олгож, техник хангамжийн нөөцийг оновчтой хуваарилах, цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон хөргөлтийн зардлыг бууруулах технологийн дэвшилтэт аргачлал юм. Судалгаанд програм хангамжийн тогтвортой хөгжил, ногоон технологийн онолын үзэл баримтлал, олон улсын сайн туршлагууд болон серверийн виртуалчлалын технологийн талаар хамруулсан.
Судалгааны хүрээнд хувийн хэвшлийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, харилцаа холбоо, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай зэрэг салбарын байгууллагын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан асуумжийн аргаар өгөгдөл цуглуулсан. Өгөгдөл цуглуулахдаа онол болон салбарын судалгаанд тулгуурлан боловсруулсан асуумжийг ашигласан ба SPSS програм ашиглан давтамжийн шинжилгээ, тодорхойлох статистик шинжилгээ, харьцуулсан шинжилгээ болон кластер шинжилгээ зэрэг аргуудыг хэрэглэсэн. Зорилтот түүвэрлэлтийн аргаар мэдээлэлтэй, туршлагатай оролцогчдыг сонгож судалгаа авсан нь өгөгдлийн чанарт эерэгээр нөлөөлсөн.
Шинжилгээний үр дүнд серверийн виртуалчлалын хэрэгжилтэд гол саад болж буй хүчин зүйлс нь хүний нөөцийн хүрэлцээ, мэргэжлийн мэдлэгийн түвшин, санхүүгийн хязгаарлалт, технологийн дэд бүтцийн хоцрогдол байгааг харуулж байна. Харин хууль эрх зүйн орчин, байгууллагын дүрэм журам, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл зэрэг нь харьцангуй бага нөлөөтэй байна.
Цаашид энэхүү технологийн нэвтрэлтийг дэмжихийн тулд ногоон технологид суурилсан бодлого, хүний нөөцийн чадавхыг сайжруулах сургалт, олон улсын технологийн шийдлийг нутагшуулах нь чухал юм.