Хураангуй:
Сүүлийн жилүүдэд даатгалын компаниуд өөрийн хүчин чадлаас давсан эрсдэлийг удирдах/шилжүүлэх асуудал нь гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамааран ихээхэн сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд энэхүү хүндрэлийг шийдвэрлэхийн тулд даатгалын салбарт хам-даатгал болон альтернатив эрсдэлийн шилжүүлэг-ART аргачлалуудыг нэвтрүүлэх боломжийг судлахыг зорьсон.
Судалгааг гадаад улс орнуудын кэйсүүдийг харьцуулах /Comparative case analysis/ болон дотоодын даатгалын салбарын мэргэжилтнүүдтэй ярилцах /In-depth interview/ арга зүйг ашиглаж тодорхойлсон. Кэйс харьцуулалтын судалгааг эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн орнууд болон Ази номхон далайн улс орнуудын тэргүүн туршлагуудыг хооронд нь харьцуулж улмаар түүний дүгнэлтэд түшиглэн хагас бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар салбарын 11 удирдлагын түвшний экспертүүд /дундаж ажилласан жил 13/-тэй ярилцсан.
Судалгааны үр дүнгийн хувьд, гадаад улс орнуудын туршлагуудад үндэслэн 1) бүс нутагтаа тохирсон гамшгийн эрсдэлийн загварчлал боловсруулах 2) статистик өгөгдлийн чанар, гамшгийн хэмжилтийн дэд бүтцийг бэлдэх 3) зохицуулалтын орчны ил тод байдлыг бүрдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг онцолсон. Ярилцлагын судалгааны тухайд зах зээлд давхар даатгалын уламжлалт аргачлалаас өөр механизм шаардлагатай байгаа бөгөөд энэхүү судалгааны судлагдахуун болон хам-даатгалын аргачлалыг хэрэгжүүлэхэд бүрэн боломжтой, хангалттай мэдлэг туршлага хуримтлуулсан бөгөөд зөвхөн зохицуулалтын орчин хэрэгтэй гэж дүгнэсэн бол ART хувьд ялгаатай байсан. Учир нь дотоодын зах зээлд ART цоо шинэ ойлголт тул бэлтгэл ажил, мэдлэг болон технологийн хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин гэх мэт хугацаа шаардах ажлууд маш их тул өнөөгийн нөхцөл байдал үүнийг нэвтрүүлэхэд бэлэн биш гэж дүгнэсэн.
Уламжлалт эрсдэлийн удирдлагын аргачлал буюу хам-даатгалыг нэвтрүүлэхийн тулд одоогийн зохицуулалтын орчинд тодорхой өөрчлөлт оруулах, мөн тодорхой хугацаанд туршиж үзэхийг зөвлөсөн бол уламжлалт бус аргачлалын тухайд оролцогч талуудад гамшгийн эсрэг үндэсний стратеги боловсруулах, хүний нөөцөө бэлдэх, гамшгийн дата мэдээллийн чанарыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зөвлөмжүүд өгөгдсөн.