dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлсээр буй төсвийн зардал болон түүхий эдээс өндөр хамааралтай төсвийн орлого, хэлбэлзэл ихтэй инфляцын түвшин, богино насжилттай засгийн газар зэрэг нь Монгол улсын эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж төсөв мөнгөний бодлогын үр дүн, бодлогын хэрэгжилтийг эргэн харахад хүргээд байна.
Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг татварын орлого 2025 оны 4 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 15.2%-аар буюу 1.4 их наядаар буурсан ба үүний голлох шалтгаан нь нүүрсний үнийн бууралттай холбоотой ДНБ -ий өсөлтийн удаашрал билээ. Судалгаанаас үзэхэд макро эдийн засгийн бодлогын хувьд төсөв ноёрхсон дэглэм тогтож байгаа тул инфляцийг зорилтот түвшинд, тогтвортой барих мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогыг тэнцвэртэй, харилцан уялдаатай хэрэгжүүлэх нь нэн чухал байна. (Энхтайван, Батсүх, & Ариунаа, Мөнгөний болон төсвийн бодлогыг зохистой уялдуулах нь, 2017).
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлогын уялдаа холбоог онолын үндэслэл болон эмпирик загварчлалын аргаар судалсан. Судалгаанд VECM загварыг ашиглан инфляц, бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлт, ДНБ, төрийн зардлын хоорондын хамаарлыг тодорхойлно. Шинжилгээний үр дүнд үндэслэн Монгол улсад институтийн уялдааг бэхжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах зэрэг санал зөвлөмж гаргана. Судалгааны үр дүн нь макро эдийн засгийн зохицуулалтыг оновчтой болгох, цаашдын бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. |
en_US |