Хураангуй:
Өнөөгийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд тулгараад байгаа хувьцааны төвлөрөл, хөрөнгө оруулагчдын идэвх болон хөрвөх чадварын асуудлуудаас үүдэн манай улсын компаниуд IPO хийх болон бусад үйл ажиллагаагаа тэлэх боломж хязгаарлагдах нөхцөл байдал үүсээд байна. Тус асуудлыг Монгол Улсын компаниуд АНУ-ын биржийн бус зах зээлд гарах замаар шийдэх боломжтой ба ингэхдээ хэрхэн, яаж тус зах зээлд гарах арга замыг тодорхойлон тэдгээр компаниудын нэвтрэх боломжийг судлах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго юм. Уг судалгааны ажлаар онолын болон салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчныг судлан Монгол Улсын Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ТОП 20 индексийн компаниуд АНУ-ын биржийн бус зах зээлд гарах арга замыг тодорхойлж, улмаар үүнд бүртгүүлэх шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг үнэлэв. Мөн АНУ-ын биржийн бус зах зээлд арилжаалагдаж буй компаниудтай ТОП 20 индексийн компаниудыг харьцуулсан бөгөөд улмаар тус зах зээлд гарахад тулгарч болох асуудлуудыг тодорхойлон өөрсдийн үнэлэлт, дүгнэлт өгөв. Судалгааны үр дүнд Монгол Улсын компаниуд АНУ-ын биржийн бус зах зээлд гарах боломж өндөр байгаа ба ингэхдээ зарим санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай байна. Мөн найдвартай, системийн аюулгүй байдал бүхий кастодиан банкийг бий болгосноор манай улсын хөрөнгийн зах зээлийн идэвх, үр ашиг болоод хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой байна.