Хураангуй:
Энэхүү судалгаа нь Монгол болон Швейцар хэрэглэгчдийн органик шошгоны
талаарх ойлголт, итгэл үнэмшил худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг судалж,
тогтвортой маркетингийн ач холбогдлыг тодруулахад чиглэсэн.
Судалгааны үндсэн зорилго нь: Органик шошгоны талаарх хэрэглэгчдийн мэдлэг,
ойлголт, итгэл үнэмшил, худалдан авалтын хандлага хоорондын уялдаа холбоог
судлахад оршино. Зорилгын хүрээнд Монгол болон Швейцарын нийт 450 хэрэглэгчээс
асуулгын анкет бөглүүлж, хоёр улсын хэрэглэгчдийн ялгаатай болон нийтлэг шинж
чанарыг тодорхойлсон.
Судалгааны үр дүнд Монголын хэрэглэгчид органик шошгоны талаарх ойлголт,
мэдлэг дутмаг байгаагаас худалдан авалтын шийдвэр гаргахдаа эргэлзээтэй ханддаг нь илэрсэн. Шошгоны олон төрөл, тэдгээрийн стандарт болон баталгаажуулалтын талаарх мэдээлэл хомс, ойлгомжгүй байдал нь Монголын хэрэглэгчдийн органик шошгод итгэх итгэлийг бууруулж буй гол шалтгаан болж байна. Швейцар хэрэглэгчидийн хувьд Bio Suisse, IP Suisse зэрэг шошгод итгэдэг бөгөөд
шошгоны талаарх мэдлэг өндөр болох нь судалгаагаар тогтоогдсон. Баталгаажуулалтын хатуу хяналт, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд нь Швейцар хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлдэг нь ажиглагдсан.
Судалгааны үр дүнд тулгуурлан Монголын хэрэглэгчдийн органик шошгод итгэх
итгэлийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн хүртээмжтэй, ойлгомжтой байдлыг
сайжруулах, олон улсын нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах, шошгоны найдвартай байдлыг хангах зэрэг санал, зөвлөмжийг боловсруулсан болно.