Хураангуй:
Монгол Улсын эрчим хүчний салбар нь улсын хөгжлийн гол чухал хэсэг бөгөөд хэрэглээ нь тасралтгүй өсөн нэмэгдэж, тогтвортой байдлыг хангах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гэвч байгалийн нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол, цахилгаан эрчим хүчний хямрал зэрэг асуудлууд үүсэж байгаа нь эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна. Гэвч иргэдийн эрчим хүчний талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь үр ашиггүй хэрэглээг өдөөж, салбарын хөгжлийг сааруулж буй гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай баг “Хариуцлагатай хэрэглэе” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь иргэдийн эрчим хүчний хэрэглээг хариуцлагатай, хэмнэлттэй удирдах мэдлэгийг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын тогтвортой, үр ашигтай хөгжлийг дэмжих чухал алхам юм.
Судалгааны ажлын хүрээнд бид 408 хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, зан төлөвийг тодорхойлох зорилгоор 5 бүлэг бүхий асуулга авсан. Судалгааны үр дүнд үндэслэн хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх стратегиа боловсруулж, эхний шат болох 21 хоногийн туршилтын ажлыг хэрэгжүүлсэн. Туршилтын үе шатанд Хүннү-2222 хотхоны 400 өрхийг сонгон, оршин суугчдад цахилгаан хэрэглээгээ хэрхэн хэмнэх, үүний эдийн засаг болон байгаль орчинд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хамгийн ачаалал ихтэй 17-21 цагийн хооронд индүү, тоос сорогч, угаалгын машин зэрэг өндөр эрчим хүч зарцуулдаг цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг уриалсан.
Мэдээлэл түгээхдээ сошиал медиа, хэвлэмэл материал, инфлюнсерийн дэмжлэг ашигласан. Туршилтын үе шатанд сошиал мэдээллийг төлбөртэй сурталчилгаагүйгээр түгээсэн ч өндөр хандалт авч, хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан. Гэсэн хэдий ч хэрэглэгчид эрчим хүч хэмнэх дадлыг тэр бүр шууд хэрэгжүүлээгүй нь ажиглагдсан. Энэ нь зөв дадлыг хэвшүүлэхэд илүү удаан хугацаа, давтамжтай ухуулга, урамшууллын механизм хэрэгтэйг харуулж байна.
Төслийн үндсэн шатанд бид Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх зорилготой бөгөөд энэ шатанд түншлэгч байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна. Туршилтын шат амжилттай хэрэгжсэн ч цахилгаан хэмнэх бодит үйлдэл бага байгааг харгалзан үзэж, төслийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.