Хураангуй:
Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн хараат бус байдлын талаар Олон улсад түгээмэл ашигладаг сайн туршлагыг Монгол улсын Төрийн болон хувьцаат компанийн ТУЗ-ийн үйл ажиллагааг харьцуулан судалж зохицуулагч байгууллага болон салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж түүгээр дамжуулан хараат бус гишүүний үүрэг, оролцоо хяналтыг сайжруулах, эрх зүйн орчныг сайжруулахад харилцан санал солилцоход чиглэсэн билээ.
Төслийн багаас Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага /цаашид ЭЗХАХБ гэх/ (OECD)-ын компанийн засаглалын зарчмуудын хүрээнд нээлттэй болон хаалттай асуулгын хэлбэрээр ТУЗ-ийн хараат бус гишүүний өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор Төрийн өмчит 44, Хувьцаат 27 компанийн төлөөлөл бүхий нийт 83 ТУЗ-ийн хараат бус гишүүдээс 3 бүлэг бүхий 44 асуулттай судалгаа авсан. Энэхүү судалгааны үр дүнд ТУЗ-ийн хараат бус гишүүний хараат бус байх байдал алдагдсан, 2 болон түүнээс дээш компанид хараат бус гишүүнээр давхар ажилладаг, тогтмол хугацаанд мэргэшүүлэх сургалтад хамруулдаггүй, Төр болон том хувьцаа эзэмшигчдээс ирэх удирдамжийн хүрээнд шийдвэр гаргадаг тул хараат бус ажиллах зарчим алдагдсан, хараат бус гишүүдийн нөлөөлөл муу, мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдаагүй зэргээр ТУЗ-ийн гишүүд судалгааг бөглөсөн болно.
Судалгааны үр дүнд үндэслэн төслийн багийн зүгээс “Хараат бус гишүүний үүрэг оролцоо ба ТУЗ-ийн манлайлал” хэлэлцүүлгийн хүрээнд ТУЗ-ийн гишүүд болон хараат бус гишүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар /цаашид ЗГХЭГ гэх/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /цаашид ТӨБЗГ гэх/, Санхүүгийн зохицуулах хороо /цаашид СЗХ гэх/-той хамтран зохион байгуулж ТУЗ-ийн гишүүд, хараат бус гишүүд, нарийн бичгийн дарга, дотоод аудиторууд болон мэргэжилтнүүд санал солилцож оролцсон болно.
Хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн төсөлд дараах саналыг дэвшүүлсэн. Үүнд:
Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлагналын аудитыг Аудитын хороонд хариуцуулж, харин гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг Үндэсний аудитын газрын зохицуулалтад хэвээр нь үлдээх заалт нэмэх.
Төрийн өмчит компанийн хувьд Хараат бус гишүүдийн тоог 50%-аас доошгүй болгож байж хараат бус шийдвэр гарах боломжтой болох тул уг саналыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай. Мөн Хараат бус гишүүд нь тухайн салбар, чиглэлийн байгууллагад ажиллахгүй байх, бизнес эрхлэхгүй байх зэрэг үүрэг хүлээж, эдийн засгийн боломжоо хязгаарлаж ажиллаж буй тул цалин урамшууллыг ердийн гишүүдээс өндөр байх боломжийг хуулийн төсөлд тусгах.
Дээрх санал хэлэлцүүлгийн явцад гарсан бөгөөд төслийн багийн зүгээс саналыг боловсруулан хэлэлцүүлэг хамтран зохион байгуулсан холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн болно.
“Хараат бус гишүүний үүрэг оролцоо ба ТУЗ-ийн манлайлал” хэлэлцүүлгийн үр дүнд ТУЗ-ийн хараат бус гишүүдийн хараат бус байдлыг нэмэгдүүлэхийн тулд ТӨК болон ТӨОК дах төрийн оролцоог багасгах мөн “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийх шаардлагатай, мөн Хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээнд тулгуурлан урамшуулах бодлогын систем нэвтрүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн болно.