dc.description.abstract |
1937 онд Роналд Коуз “Пүүсийн мөн чанар” өгүүлэлдээ хэлцлийн зардлын онолыг анх дэвшүүлж, дараа нь Оливер Уильямсон өргөжүүлсэн. Энэ онолын дагуу бизнесийн байгууллагууд гэрээнд босоо хязгаарлалт ашиглан хэлцлийн зардлыг бууруулах боломжтой гэсэн үзэл бий болсон. Олон улсын зах зээлд франчайзинг гэрээнд босоо хязгаарлалтыг түлхүү ашиглаж байгаа ч Монголд энэ талаар хангалттай судалгаа хийгдээгүй байна. Энэхүү судалгааны ажилд Монголын томоохон компаниудын жишээгээр босоо хязгаарлалтын хэрэглээ, хандлагыг ярилцлагын аргаар судалж, Монополын эсрэг газрын мэргэжилтнээс эрх зүйн орчны талаар мэдээлэл авсан. Судалгаагаар "босоо хязгаарлалт" гэсэн нэршил төдийлөн практикд өргөнөөр хэрэглэгддэггүй, харин "тусгай гэрээ" нэршилтэйгээр зарим төрлүүд нь ашиглагдаж, нийлүүлэлтийн сүлжээний харилцааг оновчтой болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг болох нь ажиглагдсан. Гэвч зохистой удирдлага, нарийвчилсан хууль эрх зүйн зохицуулалт дутмаг тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарлах, үнийг өсгөх эрсдэлтэй. Мөн олон улсын босоо хязгаарлалтын эрх зүйн орчин Монголтой харьцуулахад нарийвчлал сайтай нь ажиглагдсан. Монголын жижиг зах зээлд үйлдвэрлэгч цөөн тул оролцогч талууд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байх магадлал өндөр байна. Иймээс тусгай нөхцөл нь Өрсөлдөөний болон Иргэний хуулийг зөрчих эрсдэлтэй тул зах зээлийн онцлогт нийцсэн эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. |
en_US |