dc.description.abstract |
Ковид-19 цар тахал анх 2019 оны сүүлээр БНХАУ-д илэрч, дэлхий дахины эдийн засагт тогтворгүй байдал үүсгэн, олон салбарт хүндрэл учруулсан билээ. Үүний нэг тод жишээ нь орон сууцны зах зээл юм. Улс орнуудын Засгийн газрууд хөл хорио тогтоож, онцгой байдал зарлан, эдийн засгийг сэргээхийн тулд төрөл бүрийн зохицуулалт, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд мөн адил бодлогын хүүг өөрчлөх, эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь орон сууцны зах зээлд тодорхой нөлөөг үзүүлэв. Эдгээр арга хэмжээ нь орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн динамикт нөлөөлж, үнийн хэлбэлзэлд өөрчлөлт оруулсан байна. Энэхүү судалгааны хүрээнд орон сууцны зах зээлд макро эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлснийг бүтэцжүүлсэн вектор авторегрессийн (SVAR) загвараар тооцоолж, цар тахлын үед орон сууцны үнийн өөрчлөлтийг шинжилсэн ба судалгааны үр дүнд, эрэлтийн талаас мөнгөний бодлогын хүү болон ипотекийн зээлийн нөлөө цар тахлын үед орон сууцны үнийг өсгөх гол хүчин зүйл болж байсныг харууллаа. Харин нийлүүлэлтийн талаас хилийн хорио, барилгын материалын үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс орон сууцны үнийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Энэхүү судалгаа нь цар тахлын үеийн орон сууцны зах зээлд үзүүлсэн эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөг илүү гүнзгий ойлгох, цаашдын бодлого боловсруулахад суурь мэдээлэл болох ач холбогдолтой юм. |
en_US |