Хураангуй:
Санхүүгийн зах зээлд либералчлал явагдахын хэрээр хөгжиж буй улс орнуудад хөгжингүй орнуудын банкны салбар ашигт ажиллагаагаа тэлэх зорилгоор нэвтрэх үйл явц нэмэгдсээр байна. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хувьд ихэнх улсууд гадаадын банкийг дотоодын санхүүгийн зах зээлдээ нэвтрүүлэн банк хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх байдлаар олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Үүнийг дагаад гадаадын банк нэвтэрснээр дотоодын зах зээл, эдийн засаг болон банкны салбарын хүрээнд олон төрлийн эерэг, сөрөг нөлөөллийг бий болгож байна.
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсад гадаадын банк нэвтэрснээр дотоодын хүүний түвшинд богино хугацаандаа үзүүлэх нөлөөллийг тодорхойлохыг зорьлоо. Судалгааны ажлын хүрээнд санхүүгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг сонгон хүүний нөлөөг тодорхойлж, бусад орнуудын туршлага дээр үндэслэсэн чанарын судалгаагаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хууль эрх зүйн зохицуулалт, өрсөлдөөний нөлөөг тодорхойлон дүгнэлт зөвлөмж өгөхийг зорьсон болно.