Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар дижитал шилжилт буюу технологийн дэвшил нь хурдацтай явагдаж байна. Энэхүү шилжилтээр дамжуулан бүхий л салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч байгаа ба дижитал шилжилт нь бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах, үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр ашгийг нэмэгдүүлэх боломж болж байгаа юм. Мөн дээрээс нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнес загварыг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх боломжтой томоохон хувьсгал болж байна.
Тус судалгааны ажлаар харилцаа холбооны компанийн ашигт ажиллагаанд дижитал шилжилт нь эергээр нөлөөлдөг гэсэн таамаглалыг дэвшүүлж харилцаа холбооны компани болох Юнител групп компанийн дижитал шилжилтийн үе шатыг судлан, өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй талаар дүгнэлт, санал зөвлөмж гаргахыг зорилоо. Энэхүү судалгаанд харилцаа холбооны компанийн томоохон төлөөлөл болох Юнител компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болон дижитал шилжилтийг хэмжигч үзүүлэлтүүдэд олон хувьсагчийн хоорондын хамаарлын регрессийн шинжилгээ хийх, хугацааны хоцрогдлыг шинжлэх мөн олон улсын харилцаа холбооны салбартай харьцуулалт хийх замаар ашигт ажиллагаа болон дижитал шилжилтийн хоорондын нөлөөллийг олж үнэлэлт, дүгнэлт хийхийг зорьсон ба судалгааг E-views программ ашиглан хийж шинжилгээний үр дүн дээр дүгнэлт хийв.